Рио Тинто Turquoise Hill-ийн хувийг худалдаж авах үнийн саналаа нэмжээ

Монголын Оюутолгой алт зэсийн орд газрыг боловсруулдаг Turquoise Hill фирмийн жижиг хувьцаа эзэмшигчдийн хувийг худалдаж авах үнийн саналаа Рио Тинто 18 хувиар нэмсэн гэж Financial Times мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Рио Тинто нэгж хувьцааг 40 канад доллараар худалдаж авах шинэ санал тавьсан бөгөөд ингэснээр нийтдээ 3,1 тэрбум долларыг хувьцаа худалдаж авахад зарцуулах эрмэлзэлтэй байгаа аж. Үүнээс өмнө Рио Тинто нэгж хувьцааг 34 доллараар худалдаж авах санал тавьж, харин Turquoise Hill-ийн удирдлагууд энэ саналд татгалзсан хариу өгч байв.
Рио Тинто Turquoise Hill фирмийн 51 орчим хувийг эзэмшдэг юм.
"Энэ санал нь Turquoise Hill-ийн хувьцаа эзэмшигчдэд бүрэн дүүрэн, шударга үнэ санал болгоод зогсохгүй сонирхогч бүхий л талуудын ашиг сонирхолд нийцнэ гэж бид үзэж байна" хэмээн Рио Тинто-ийн Ерөнхий захирал Жейкоб Страусхольм бичжээ.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор лхагва гарагт Торонтогийн бирж дээр арилжаа эхлэх үеэр Тurquoise Hill-ийн хувьцааны үнэ 22,5 хувиар өсөж, 37 канад доллар болсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ