Дайн эхэлснээс хойш Германаас орогнол хүсэх ОХУ-ын иргэдийн тоо нэмэгджээ

2022 онд Оросын 1098 иргэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас улс төрийн орогнол хүссэний 830 нь Украинд дайн эхэлснээс хойш ийм хүсэлт өгсөн гэж DW агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд ОХУ-1098 иргэн Германд улс төрийн дүрвэгч статус олгох хүсэлтийг ХБНГУ-ын Цагаачлал, дүрвэгчдийн асуудал эрхэлсэн газарт гаргасан байна. Эдгээр хүсэлтээс ердөө 11,2 хувьд нь зөвшөөрсөн хариу өгчээ.
Улс төрийн орогнол хүссэн хүмүүсийн 830 нь гуравдугаар сараас хойш буюу ОХУ Украинд дайн өдүүлсний дараа өргөдөл гаргасан байна. Цагаачлал, дүрвэгчдийн асуудал эрхэлсэн газрын мэдээлснээр, дайн эхэлснээс хойш энэ төрлийн хүсэлт аажмаар нэмэгдэж байгаа бөгөөд гуравдугаар сард 137 өргөдөл, тавдугаар сард 179 өргөдөл хүлээн авчээ. Харьцуулвал, Украинд дайн эхлэхээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард 102 хүсэлт, харин 2021 оны 12 дугаар сард 96 хүсэлт ирж байсан аж.
Түүнчлэн, 2022 оны эхний долоон сард цагаачлалын албаныхан улс төрийн орогнол хүссэн Оросын 1547 иргэний хүсэлтийг судалж, 11,2 хувьд нь зөвшөөрсөн хариу өгчээ. Эдгээр хүсэлт нь зөвхөн энэ онд гаргасан өргөдлүүд биш, дайн эхлэхээс ч өмнө гаргасан өргөдлийн тоо багтсан гэж цагаачлалын газар мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ