Украинд Зөвлөлт, Оростой холбоотой гудамж, талбайн нэршлийг өөрчилжээ

Украины нийслэл Киев хотын зөвлөл "Орос болон Зөвлөлтийн өнгөрсөн үетэй холбоотой" нэртэй байсан 95 гудамж, талбайн нэрийг өөрчилжээ. Энэ талаар Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдсэнийг "Медуза" дамжуулсан байна.
Гудамж, талбайн нэр өөрчлөх ажлын хүрээнд Маршал Малиновскийн гудамжийг "Азов" хорооны баатруудын нэрэмжит, Питерийн гудамжийг Лондон хотын гудамж, Тульскийн талбайг Украины босогчдын армийн баатруудын нэрэмжит болгожээ. "Энэ бол манай түүхийг мушгин гуйвуулах гэсэн Оросын түрэмгийлэгчийн нөлөөллийг бууруулахад чухал алхам" хэмээн Виталий Кличко мэдэгджээ.
Энд дуулгахад, ОХУ Украин руу дайрснаас хойш Оросын нийслэл Москва хотод Донецк, Луганскийн нэрэмжит талбай бий болсон юм. Түүнчлэн Оросын бусад хотуудад ч өөрсдийгөө тунхагласан Донецкийн Бүгд Найрамдах Улсын зүтгэлтнүүд, тэр дундаа салан тусгаарлагчдын тэргүүн агсан Александр Захарченкогийн нэрээр гудамж талбайг нэрлэх болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ