АНУ-ын Миссури мужийн сургуульд хүүхдийг зодож шийтгэхийг зөвшөөрчээ

img

АНУ-ын Миссури мужийн нэгэн сургуульд эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдэд бие махбодийн шийтгэл оноохыг зөвшөөрчээ. Энэ талаар The Guardian мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Кассвилла  сургуульд хичээл дээр хүүхдүүдийг сахилга баттай байлгахын тулд хүүхдүүдэд бие махбодийн шийтгэл оноох санаачилгыг өнгөрсөн жил эцэг эхчүүд гаргажээ. Хүүхдүүдийг шийтгэн хичээлээс хасахын оронд бие махбодийн шийтгэл оноохыг эцэг эхчүүд санал болгосон бөгөөд ингэснээр дэг журамгүй хүүхдүүдийг тусгай хэрэгслээр цохих гэнэ. Өмнө нь 2001 он хүртэл энэ аргыг сургуульд хэрэглэдэг байгаад хожим нь цуцалсан байна. 

 

Кассвилла сургуулийн захирал Мерлин Жонсоны өгүүлснээр, өнгөрсөн онд эцэг эхчүүдийн дунд явуулсан судалгааны дүнгээр энэ аргыг хэрэглэхээр болжээ. Энэ судалгаанд эцэг эхчүүд хариулахдаа сахилга батыг сайжруулах хэрэгтэй, сахилга бат муу байгаа нь сургуулийн олон асуудлын нэг гэж үзсэн гэнэ.

 

Ингэснээр, олон удаагийн сануулга, бусад аргыг хэрэглээд үр дүнгүй болсон тохиолдолд хүүхдийг тусгай хэрэгслээр цохих шийтгэл оноох гэнэ. Мөн ийм шийтгэлээр хүүхдээ сургахыг хүссэн эцэг эхчүүд тусгай зөвшөөрөл өгч захиргаанд хандах аж. Ийн шийтгэхдээ хүүхдүүдийн биед гэмтэл учруулж болохгүй, толгой, нүүрэнд нь цохиж болохгүй, гагцхүү хонгон дээр нь зөөлөн цохихыг зөвшөөрөхөөр тусгажээ.

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ