Дайн: Украинчууд давшиж, оросууд ухарсан уу

Даваа гарагт Украины хэвлэл мэдээллээр Херсон мужид украинчууд давшиж эхэлсэн гэсэн мэдээлэл гарлаа. Энэ мужийн ихэнх хэсгийг дайны эхэлсэн эхний сард л Оросын цэргүүд эзэлсэн байсан юм. Украины хэвлэлүүд ийн мэдээлсний дараа Херсон муж дахь Оросын талыг баримтлагч эрх баригчид энэ мэдээллийг няцаасан бол даваа гарагийн үдэш Оросын Батлан хамгаалах яам украинчууд давшсаныг баталлаа.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, даваа гарагийн туршид Ерөнхийлөгч Владимир Зеленскийн шууд тушаалаар “Украины цэргүүд Николаевск, Херсон мужуудад гурван чиглэлээр давших оролдлого хийсэн” гэнэ.
“Оросын цэргүүд сөрөн хамгаалсны дүнд Украины Зэвсэгт хүчин ихээхэн хохирол амссан” гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэний дээр “давших оролдлого бүтэлгүйтсэн” хэмээн онцолжээ.
Харин Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб Херсон мужид давшсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
Украины хэвлэлүүд юу гэж мэдээлэв?
Херсон мужид Украины Зэвсэгт хүчин давшиж эхэлсэн талаарх мэдээлэл “Каховка” шуурхай бүлэглэлийн нийтэлсэн дүрс бичлэгээс эхлэн тархсан юм. Энэ дүрс бичлэг дээр “Донецкийн бүгд найрамдах улсын 109 дүгээр хороо Херсонщина дахь байршлаасаа ухрав” хэмээн бичсэн байлаа.
Энэ дүрс бичлэг ихээхэн эргэлзээ төрүүлж байв. Хэвлэл мэдээллээр энэ дүрс бичлэгийг тавилттай, Донецкийн бүгд найрамдах улсын цэргүүд байршил дээрээ энэ бичлэгийг хийгээгүй гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин “Громадське” хэвлэл Украины Зэвсэгт хүчнээс авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Украины цэргүүд Херсон мужид Оросын цэргүүдийн бэхлэлтийн тэргүүн шугамыг сэтэлсэн, үүний дараа тэнд байсан нэг хороо ухарсан хэмээн онцолж байв.
Гэхдээ албаны этгээдүүдээс гагцхүү “Юг” батлан хамгаалах хүчний хэвлэлийн төвийн тэргүүн Наталья Гуменюк л Херсон мужид давшилт эхэлсэн талаар мэдээлжээ.
“Украины зэвсэгт хүчин өмнөд чиглэлд, тэр дундаа Херсонщина чиглэлд ч давшилт эхлүүлсэн” хэмээн тэрбээр мэдэгдээд цэргийнхэнд саад болохгүйн тулд энэ мэдээллийг аль болох түгээхгүй байхыг хүсэж байсан гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Харин Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак “Урд манай Херсон байна” гэсэн ганц л өгүүлбэр Телеграм хуудсандаа бичсэн бол түүний зөвлөх Михаил Подоляк “Зэвсэгт хүчний төлөөлөгчид албан ёсны мэдэгдэл хийх хүртэл байлдааны ажиллагааны явцын талаар мэдээлэл тараахгүй байх”-ыг шаардаж байв.
Оросууд хэрхэн мэдээлэв
Украин сөрөг давшилт хийсэн талаарх мэдээллийг Оросын тал эрс няцааж байна. Хамгийн түрүүнд Крымийн тэргүүн Сергей Аксенов давшилтын талаарх мэдээллийг “Украины суртал ухуулгын ээлжит нэгэн худал мэдээлэл” хэмээн мэдэгдсэн бол үүний араас Херсон мужийн цэрэг-иргэний захиргаа /Оросын талаас томилсон захиргаа/ -ны орлогч дарга Кирилл Стремоусов мөн л “хуурамч мэдээлэл” хэмээн мэдэгдсэнийг Известия дамжуулжээ.
“Украины Зэвсэгт хүчин давшсан гэдэг нь санаанаасаа зохиосон зүйл, тэдний төсөөлсөн кино. Хэн ч хаашаа ч давшаагүй, хэн ч хаашаа ч ухраагүй. Энэ бол санаанаасаа зохиосон зүйл” гэж Стремоусов мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.
“Украины зэвсэгт хүчин хуягт техникийн дэмжлэгтэйгээр фронтын Херсон чиглэлд давших оролдлого хийж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байлдаж, артиллерээ идэвхтэй ашиглаж байгаа. Шинэ Каховкад хүмүүсийг ажлын байрнаас нь нүүлгэн шилжүүлж, оршин суугчдыг хоргодох байр, хонгил руу оруулж байна” гэж “Военный обозреватель” сонин мэдээлжээ.
Мөн Херсон мужийн Берислав дүүргийн Ольгинод одоо байлдааны ажиллагаа явагдаж байгаа, Украины Зэвсэгт хүчин эндэхийн тулаанд есөн танк оруулснаас хоёр нь устгагдсан, одоо Украины цэргүүд Оросын десантуудын байршлаас гарахаар оролдож байна" гэж “Рыбарь” телеграм суваг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ