Ирак: Эсэргүүцэгчид Засгийн газрын ордныг эзлэж, 15 хүний аминд хүрэв

Иракт нөлөө бүхий шиитийн санваартан Муктада ас-Садрагийн дэмжигчид Багдадын төвд байх Засгийн газрын ордноо эзлэн авсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Ийнхүү барилгыг эзлэх үеэр Садрагийн дэмжигч болон тэдэнтэй сөргөлдөгч шийтийн бүлэглэлийн төлөөлөгчдийн хооронд буудалцаан болж, 15 хүн амиа алдаж, 270 хүн шархадсан байна.
Олон хүний аминд хүрсэн ноцтой мөргөлдөөн гарсны дараа цэргийнхэн эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий ашиглан, орон нутгийн цагаар даваа гарагийн 15:30 цагт Иракийн арми хөл хорих цаг тогтоожээ Түүнчлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл Засгийн газрын үйл ажиллагааг зогсоож байгаа талаар Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч мэдэгджээ.
Ийнхүү эсэргүүцэл дэгдэж, Засгийн газрын ордныг эзлэх болсон нь Садрын мэдэгдэлтэй холбоотой гэнэ. Тэрбээр шинэ засгийн газар байгуулах боломжгүйн улмаас улс төрөөс явж байгаагаа мэдэгдсэний дараа ийнхүү эсэргүүцэл дэгджээ. Садрын улс төрийн хүчин өнгөрсөн онд болсон парламентын сонгуулиар олонхын санал авсан байна. Гэвч Иранаас дэмжлэг авдаг өрсөлдөгчдөө багтаахгүйгээр засгийн газраа байгуулах гэсэн ч талаар болж, улмаар 2022 оны зургадугаар сард парламентаас бүхий л гишүүдээ эргүүлэн татжээ.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Садр ээлжит бус сонгууль явуулж, парламентыг тараах эрмэлзэлтэй байгаа гэнэ. Иракт ийнхүү улс төрийн сөргөлдөөн гарч байгаагийн шалтгаан нь тус улсын газрын тосны нөөцийн төлөөх дотоод улс төрийн тэмцэл гэж ажиглагчид үзэж байна. Ирак улс ОПЕК дахь газрын тосны хоёр дахь томоохон үйлдвэрлэгч юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ