Гадаад ертөнцөөс алслагдмал омгийн сүүлчийн төлөөлөгч нас баржээ

img

Бразилийн ширэнгэн ойд гадна ертөнцөөс тусгаарлагдан амьдарч байсан омгийн сүүлчийн индиан нас барсан талаар Ройтерс мэдээлжээ. 

 

Тэрбээр Рондония мужийн ширэнгэн ойд 26 жил ганцаар амьдарсан, танару ардын нутаг дээр тусгаарлагдан амьдарч байсан омгийн сүүлчийн төлөөлөгч байсан бөгөөд судлаачид түүнийг "Нүхнээс гарсан хүн" хэмээн нэрлэдэг байсан гэнэ. Түүний цогцосыг наймдугаар сарын 23-ны өдөр олоход өөр хүмүүсийн ул мөр, хүчирхийлсэн болон ноцолдсон ул мөр олдоогүй тул байгалийн жамаараа нас нөгцсөн гэж судлаачид үзэж байгаа аж. 

 

Ширэнгэн ойд амьдардаг цорын ганц индианы талаар анх 1996 онд судлаачид олж мэджээ. Үүнээс жилийн өмнө тэрбээр зургуулаа амьдардаг байсан ч тав нь бусдын гарт амиа алдсан байна. Ингээд алслагдмал омгийн сүүлчийн төлөөлөгчийг судлаачид олж мэдсэний дараа судлаачид болон хэвлэлийнхэн түүнийг "Нүхнээс гарсан хүн"  хэмээн нэрлэх болжээ. Учир нь тэрбээр буудалласан газар бүртээ гүнзгий нүх ухдаг байсан гэнэ. Ан хийх эсвэл орогнох зорилгоор  нүх ухдаг байсан гэж үздэг. Мөн зан үйлийн зорилгоор ухсан гэх таамаглал ч байдаг аж.

 

Индиан эр 60 орчим настай байсан гэж судлаачид өгүүлсэн байна. Харин түүний жинхэнэ нэр, омгийнх нь нэр болон хэлний талаар одоо хүртэл баримт мэдээлэл олдоогүй гэнэ. Харин түүний омгийнхон 1970-аад онд фермер болон мод үйлдвэрлэлийнхэнтэй мөргөлдсөний улмаас амиа алджээ.


Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ