БНХАУ-ын Коммунист намын ХХ их хурал 10 дугаар сард эхэлнэ

Нийт 73 сая гишүүнтэй, дэлхийн хамгийн том улс төрийн байгууллага гэгддэг Хятадын Коммунист Намын ХХ их хурал 10 дугаар сарын 16-ны өдөр эхэлнэ гэж Синхуа агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ их хуралд Хятадын өнцөг булан бүрээс 2000 төлөөлөгч ирж оролцох юм байна. Их хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлийн таван жилийн намын ололт амжилтыг дүгнэсэн илтгэл тавих гэнэ. Мөн их хурлын төлөөлөгчид намын удирдах байгууллага болох Төв хорооны 300 гишүүний шинэ жагсаалтыг батлах юм байна.
Харин Коммунист намын Төв хороо Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох хүмүүсийг тодруулах аж. Намын дотоод гол албан тушаалуудад томилгоо хийх хэлэлцээрийн ихэнх хэсэг нь амжилттай дууссан гэж шинжээчид тэмдэглэжээ.
Энэ их хурлаар Ши Жиньпин Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд гурав дахь удаагаа улиран сонгогдоно гэж шинжээчид үзэж байгаа юм.
Энд дуулгахад, Хятадын Коммунист намын их хурал таван жил тутамд нэг удаа болдог. Энэ удаагийн их хурал өндөрлөснөөс хойш сарын дараа Европын тэргүүнүүдийг нутагтаа ирэхийг Ши Жиньпин урьсан гэж Европын холбооны өндөр албан тушаалтан мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ