Токаев нэгдүгээр сарын үймээнд оролцогчдыг өршөөлөө

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев алан хядагчдаас бусад, нэгдүгээр сард болсон эмх замбараагүй байдалд оролцогчдыг өршөөж байгаагаа зарлажээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
"Эсэргүүцэлд оролцсон болон хүчний байгууллагуудын ажилтнууд бүгд л манай иргэд. Тэд шүүх шударга байна гэж найдаж байгаа. Нэгдүгээр сард болсон үйл явдалд оролцсон ч хүнд гэмт хэрэг үйлдээгүй иргэдийн шийтгэлийг төр бууруулсан. Хууль зөрчсөн зарим хүн гэм буруугаа хүлээж, хийсэн үйлдэлдээ гэмшсэн. Тэдэнд өршөөнгүй хандах ёстой гэж би бодож байна. Тиймээс нэгдүгээр сарын үйл явдалд оролцогчдыг нэг удаад өршөөхөөр шийдлээ" хэмээн Казахстаны төрийн тэргүүн мэдэгджээ.
Токаевын онцолсоноор, алан хядагчид, экстремистүүд болон хүн тамласан хүмүүс өршөөлд хамрагдахгүй гэнэ. Түүнчлэн төрийн байгууллыг ганхуулахыг уриалсны төлөө оноох шийтгэлийг чангатгах асуудлыг боловсруулахыг Токаев тушаажээ.
Эргэн сануулахад, 2022 оны нэгдүгээр сард Казахстанд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон юм. Шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэнийг эсэргүүцсэн Жанаозен, Актау хотын оршин суугчдын эсэргүүцэл газар аван, Казахстан даяар эсэргүүцэл дэгдэж, улмаар эмх замбараагүй байдал бий болсон. Ингээд нэгдүгээр сарын 19-ний өдөр орон даяар онц байдал тогтоож, терроризмын эсрэг ажиллагаа явуулж байлаа. Эмх замбараагүй байдлын үеэр 4,5 мянган хүн гэмтэж, 225 хүн амиа алдсаны 19 нь хүчний байгууллагын ажилтнууд байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ