Украин: Сургууль бүр хоргодох байртай, сурагчид цусны бүлэг бичсэн бугуйвчтай болно

img

Есдүгээр сарын нэгний өдөр дэлхийн олон оронд хичээлийн шинэ жил эхэллээ. Ийм орнуудын нэг нь Украин. Гэвч энэ удаагийн хичээлийн шинэ жил Украины түүхэн дэх хамгийн хүнд жил болох нь гарцаагүй. 


ВВС агентлагийн мэдээлснээр, дайн эхлэх үед Украинд 14 мянган сургууль үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өнөөдрийн байдлаар сургуулиудын 269 нь бүрэн сүйрч, 2000 гаруй нь эвдрэл гэмтэл авсан бол 1300 орчим нь эзлэн түрэмгийлэгдсэн нутагт байгаа аж. Сургуулийн барилга бүрэн бүтэн үлдсэн байлаа ч хүүхдүүд тайван сурах ямар ч боломжгүй, өдөр бүр агаарын түгшүүрийн дохио хангинаж, өнөө биш юм гэхэд маргааш өдөр нь л Оросын бөмбөг, пуужин сургууль дээр унахгүй гэх ямар ч баталгаагүй хэмээн Украины сэтгүүлч ВВС агентлагт зориулан бичсэн нийтлэлдээ онцолсон байна. 

 

"Боловсролын байгууллага оршиж байгаа нутаг дэвсгэр бол аюулгүй нутаг гэдэгт эцэг эхчүүд итгэх нь чухал” хэмээн Украины Боловсролын сайд Сергей Шкарлетт саяхан мэдэгдэж байв. Гэвч гагцхүү итгэл байгаад бүх юм болчихгүй. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодолцох нь эцэг эхчүүдийн шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл. 


Цусны бүлгийг бичсэн бугуйвч


Украины Боловсролын яамны мэдээлснээр, дайнаас өмнө Украины сургуулиудад сурч байсан долоон сурагч тутмын нэг нь өнөөдөр хил давж, Европын орнуудад очжээ. Энэ нь 640 гаруй мянган хүүхэд гэсэн үг аж. 


Харин нутагтаа үлдсэн, эргэж ирсэн хүмүүсийн хүүхдүүдийг аль болох аюулгүй нөхцөлд сургахаар хичээж байгаа аж. 
Киевийн ойролцоох Боярка дахь сургуульд хоргодох байр байгуулсан, зарим анги танхимаар, зарим нь цахимаар хичээллэхээр болсон гэж тавдугаар ангийн сурагч Максимын ээж Дарья ВВС агентлагт ярьжээ. 

 

"Эцэг эхчүүдийн чат группт хүүхдүүд сургууль дээрээ зүүх бугуйвчны талаар ярьж байна лээ. Тэр бугуйвчин дээр цусны бүлгийг бичнэ гэсэн нь үнэхээр сэтгэл өвтгөсөн. Энэ бугуйвч хүүхэд алга болох үед хэрэг болох биш харин суманд өртөж шархадсан тохиолдолд хэрэг болох зориулалттай гэсэн үг. Ийм магадлал байна гэхээр л үнэхээр аймшигтай” хэмээн Дарья ярьжээ. 


Харин өөр нэг сурагчийн ээж ярихдаа, охиноо Варшавын сургуульд оруулсан, харин үе тэнгийнхэнтэйгээ харилцах хэрэгтэй тул Украины сургуулийн цахим хичээлд ч бүртгүүлсэн гэжээ. Гэвч хүүхдийн ачаалала хэтэрвэл аль нэг сургуулиас нь гаргахаас аргагүй болно хэмээн өгүүлсэн байна.

Байлдаан болж буй газрын ойролцоох сургууль ажиллахгүй 
 

Дайн үргэлжилж байгаа тул танхимаар хичээллэх сургуулиудын жагсаалтыг  нарийн шалгууртайгаар гаргажээ. Тухайлбал, байлдааны ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа бүсээс 40 километрээс дотогш оршдог болон Орос, Беларусьтай хил залгаа байх нутаг дэвсгэр дээрх сургуулиуд цахимаар хичээллэх гэнэ. 

Харин харьцангуй тайван гэгдэж буй нутагт үйл ажиллагаагаа явуулах сургууль бүр хоёр гарцтай, цахилгаан эрчим хүч, агааржуулалт бүхий хоргодох байртай байх ёстой аж. Ийм хоргодох байрыг сургуулиас 500 метрээс холгүй байгуулах ёстой гэнэ. 

Өнөөдөр, Украины сургуулиудын 59 хувь нь ийм байртай болж амжжээ. 


Түүнчлэн дайны нөхцөлд хүүхдүүдийн боловсрол гээгдэх эрсдэл тулгараад байгаа тул Украины эрх баригчид энэ хичээлийн жилд хүүхдүүдийн боловсролд анхаарахын тулд сургалтын хэд хэдэн хэлбэрийг боловсруулсан байна. 
Үүнд: 
-    Танхимаар суралцах 
-    Хосолсон сургалт- Ангийн зарим хүүхэд танхимд, харин үлдсэн хэсэг нь цахимаар оролцож, багш бүгдтэй нь зэрэг харилцах сургалт 
-    Зайн сургалт- Гадаадын сургуульд бүртгүүлсэн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн дагуу хүүхдүүд өглөө нь шинэ сургуульдаа явж, харин орой нь Украины сургуулиудаас илгээсэн дүрс бичлэг, хичээлүүдийг үзэн, Украины нэг ангийнхантайгаа төгсөлтийн шалгалт өгнө
-    Гэрийн сургалт- Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургаж, харин багш нар хүүхдүүдийн мэдлэгийг шалгана
-    Экстернат- хүүхэд танхимд очин суралцахгүй, гэхдээ сургуульд авах бүхий л хяналтын ажил, шалгалтыг өгнө.
 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uvsiin hyrgas sumiin haryat Davaajav hyrgasiin brand bolson hogiin hulgaich
2022-09-02
Хариулт:
Газар нутгаа дайсандаа өгдөг хүнийг урвагч гэж нэрлээд үеийн үе үзэн яддаг юм. Үр хүүхэд нь ч өөдөлдөггүй. Өөрөө урвагч гаралтай байх , тийм үү
2022-09-02
Зочин:
Оросууд сургууль, эмнэлэг маш олныг пуужиндсан. Манай оёо нар болохоор оросууд тэгээгүй, Украинчууд өөрсдөө бөмбөгдсөн гэдэгт 100 хувь итгэдэг юм билээ. Орой болгон Какашенко гээд гайхам мэлийсэн царайтай орос генералын үгэнд итгээд алга хавсраад залбирна шүү дээ
2022-09-02
жужу:
Хаа хамаагүй жүжигчин сда-г ерөнхийлөгч болгочихоор мундаг хүн болж маяглаж өөрөөсөө арай том улсуудтай арсалдаж, ард түмнээ түмэн зовлонд унагаж байх. Тэр луганс нтрийг нь өгөөд хаяхгүй жоохон газраас болж нэг үндэстэн шахуу улс хоорондоо алалцаж байх.
2022-09-02
Хариулт:
Газар нутгаа дайсандаа өгдөг хүнийг урвагч гэж нэрлээд үеийн үе үзэн яддаг юм. Үр хүүхэд нь ч өөдөлдөггүй. Өөрөө урвагч гаралтай байх , тийм үү