ОХУ-аас Монголыг зоригсод: Дайн дууссан ч буриадууд адлагдсан хэвээр байна

Хоёрдугаар сарын 24-нөөс хойш эхэлсэн оросуудын цагаачлалын шинэ давалгаа Монголд ч хүрч, Оросын иргэд олноороо Монголыг зорьж байгаа талаар “Сибирь.Реалии” бичжээ.
“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш саяхан Монголд айлчлахдаа энэ улсыг “Тайван бус ертөнц дээрх энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн нэрлэсэн. Энэ улс бусад орнуудын хувьд үлгэр жишээ болж байгааг Гутерриш онцолсон юм” хэмээн Сибирь.Реалии сайтын нийтлэлд бичжээ.
Цаашлаад, манай орныг Оростой харилцах харилцаанд найрсаг, хөндлөнгийн байр суурь хадгалахыг хичээж байгаа, Орос Украин руу халдсан түрэмгийллийг шүүмжлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолд санал өгөхөөс түтгэлзсэн, гэхдээ Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа хэмээн бичсэн байна. Энэ нийтлэлд өдгөө Монголд амьдарч буй Оросын хэд хэдэн иргэнтэй уулзаж, ярилцсаныг товчлон хүргэе.
Монголд амьдарч буй Оросын иргэдийн нэг нь Алдар. Тэрбээр 2019 онд хотын даргаа эсэргүүцсэн арга хэмжээнд оролцсоныхоо дараа Москва руу нүүжээ. Харин 2022 онд “үндэстэн хоорондын хагаралдаан үүсгэсэн” хэмээн түүнийг хэрэгт татсан тул дөрөвдүгээр сард Оросыг орхихоос аргагүй болсон гэнэ.
Тэрбээр Инстаграм хуудсандаа “Бид оросууд биш! Бид ойрд, саха, буриад, татар, башкорт, хакас, удмурт гэдгээрээ бахархдаг. Бид ОХУ-ын иргэд, гэхдээ бид оросууд биш. Манай ард түмэн хүчээр оросжуулах, загалмайтны шашинтай болгох, хэл, соёлоо хориулах, үй олноор хөнөөлгөх гээд аймшигт зүйлстэй нүүр тулсан” гэх эсэргүүцлийн үгс нийтэлснийхээ төлөө хэрэгт татагдах болсон аж.
Ингээд Алдар дөрөвдүгээр сарын сүүлээр эхнэр хүүхдийн хамт Монголд шилжиж иржээ. Гэвч Монголын хатуу хууль тогтоомжийн улмаас байнга оршин суухаар үлдэж чадаагүй гэнэ.
-Яагаад Монголыг сонгох болсон бэ?
-Бид жил бүрийн зун Монгол руу аялж, ууланд гарч, Монгол Алтайн энгэрт гэрт зусдаг. Ямар улс руу явах вэ гэсэн эргэлзээ огт гараагүй, шууд л Монголыг сонгосон. Буриад руу нисэж очоод, автобусанд суугаад л Улаанбаатарт хүрчихнэ. Хямдхан, хялбархан. Монгол биднийг найрсаг угтсан. Монголчууд зочломтгой, сайхан сэтгэлтэй улс. Энд цагаачилж ирэхээс аргагүй болсон хүн олон. Ихэнх нь дайн эсэргүүцсэн буриадууд. Харин орос тэрс үзэлтнүүдийг хараагүй, сонсоочгүй.
Мэдээж уул уурхайн компаниудад ажиллахаар ирсэн орос гэр бүл бий л дээ, гэхдээ дайн эхэлснээс хойш ирсэн орос цагаачдыг мэдэхгүй юм. Сибириэс ирсэн олон жуулчныг харсан, тэд эндээс доллар авч, гадаадын вакцин хийлгэхээр ирдэг. Монгол Улс олон хүний хувьд дамжин өнгөрөх цэг болоод байна.
-Монголчууд Орос, Украины дайны талаар юу ярьж байна? Тэд одоо Орос болон Монгол дахь оросуудад хэрхэн хандаж байгаа вэ?
- Дайны тал дээр монголчууд хуваагдсан. Ахмад настнууд Оросыг дэмжиж байгаа бол залуус эсэргүүцэж байна. Гэхдээ энд дайн дэндүү хол санагдах тул ихэнх нь л энэ талаар мартаж байгаа. Оросуудад хандах хандлагын тухайд гэвэл одоо илүү болгоомжлонгуй болсон. Энд халимаг, буриад, тувачуудыг өрөвддөг, учир нь биднийг Орост хавчигдан гадуурхагддаг гэдгийг мэддэг учраас тэр. Түүгээр ч зогсохгүй хурдхан энд ирж суурьших нь дээр ч гэж зөвлөдөг.
Гэхдээ цаашилбал их сонин. Олон нийт нь Оросоос төрөл нэгтнүүдээ хүлээж авахыг дэмждэг бол Засгийн газар нь эсрэгээрээ, цагаачлалын хуулиа чангатгаж байгаа. Бид Монголд ирвэл араас нь Өвөр Монголоос хүмүүс олноор ирнэ гэж Засгийн газар нь айдаг. <...> Тэгээд л оршин суух, ажил хөдөлмөр эрхлэх журмаар “чангалж”, бид буцахаас аргагүй болсон.
Дугарма: Монголд аюулгүй байдаг
“Сибирь.Реалии” сайтын сэтгүүлч нийтлэлдээ зориулж өөр нэг хүнтэй уулзсан нь буриад бүсгүй Дугарма. Тэрбээр нутагт нь мэргэжлээрээ ажиллах боломж байгаагүй тул 2016 онд Монголд иржээ. Монголд амьдрахад амар, хялбар байсан гэж тэрбээр өгүүлсэн байна.
-Тэгэхээр, Орост байхаас ч хялбар байсан уу?
-Би энд ирмэгцээ ард түмнийх нь нэг л хэсэг болж байгаагаа мэдэрсэн. Итгэсэн, хамгаалагдсан, аюулгүй байдал. Харин Орост бол байнга л гадуурхагдана, үл ойлголцол гарна. Би Петербургт сурч байлаа, тэнд байнга л гадуурхагдана.
-Украинд дайн эхэлснээс хойш Монгол дахь оросуудад хандах хандлага өөрчлөгдсөн үү?
- Хоёрдугаар сарын 24-нөөс хойш Монголд амьдарч байгаа оросууд тэднийг хавчин гадуурхаж байна гэж ярих болсон. Гэвч энэ бол Орост амьдарч буй ердийн нэг “орос биш хүн”-ий туулдаг гадуурхлын хажууд юу ч биш. Монголын залуучууд Оросын залуустай харьцуулахад улс төрийн идэвхтэй, олон улсын үйл явдлыг сонирхдог. Тэд дэлхий дахинд болж буй үйл явдлыг маш хурдан хүлээж авдаг.
Үүний нэг жишээ нь Оросын ЭСЯ-ны гадаа болсон жагсаал. Энэ жагсаалд монголчууд төдийгүй украинчууд, халимаг, буриадууд оролцсон. Залуус Оросын үйлдлийг дэмжихгүй, Украинд ээлтэй хандаж байгаа. Гэхдээ олон нийтийн сүлжээнд Оросыг баримталсан сэтгэгдлүүд ч таардаг. Ийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс нь “ах дүү орон”, “найрсаг хөрш”, “Орос ах” гэх зэрэг үзэлдээ дасчихсан ахмад хүмүүс байдаг юм.
Монгол Улс хоёр хөршдөө ихэд болгоомжтой ханддаг. Тиймээс Орос, Хятадад болж буй үйл явдлын талаарх албан мэдэгдлүүд нь төдийг сахисан байдаг юм.
Гэхдээ монголчууд өөрсдөө байгаа юмыг байгаагаар нь нэрлэхээс айдаггүй. Украины дайныг “дайн”, Хятадад уйгуруудыг хөнөөж байгааг “геноцид” гээд юунаас ч айлгүй байгаагаар нь л нэрлэдэг.
-Та ЭСЯ-ны гадаах жагсаалын талаар ярилаа. Тэнд оролцсон украинчууд мөн л дайнаас болж Монголд очсон уу?
-Монгол дахь оросуудтай харьцуулахад украинчууд тун цөөн. Ихэнх нь Зөвлөлтийн үед амьдарч байсан хүмүүс. Тэд уул уурхайн салбарт ажиллахаар энд ирсэн юм. Монголд Украины ЭСЯ байхгүй, харин “Монгол дахь украинчууд” гэсэн ТББ бий. Тэд саяхан дайн эсэргүүцсэн гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулсан.
Гуравдугаар сард Монгол ковидын хязгаарлалтаа цуцалж, Оростой хилээ нээсэн. Ингээд валютын арилжаалагчдын зэрэгцээ Оросын дэглэм, арми, айдсаас зугтсан цагаачдын урсгал нааш орж ирсэн. Зарим нь Улаанбаатарт үлдэж, ажил олсон бол зарим нь Монголоор дамжин Солонгос, Турк, АНУ руу явсан.Монголд танил тал, холбоо харилцаа, хэл усгүйгээр суурьшина гэдэг тун хэцүү. Тиймээс маш их бэлтгэлтэй, танил талтай хүмүүс л энд үлдэж байгаа. Монголд оршин суух зөвшөөрөл авах боломжтой, гэхдээ тийм ч амар биш.
Доржо: Дайн дууссан ч явахгүй
“Сибирь.Реалии” –ын сэтгүүлчтэй ярилцсан өөр нэг хүн нь мөн л буриад. Түүнийг Доржо гэх аж. Тэрбээр Орост Монголын талаар “хоцрогдсон орон” гэх сэтгэгдэл түгээмэл, ТНТ зэрэг сувгуудаар Монголыг элэглэн дооглодог ч үнэндээ Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай харьцуулахад Монгол хавь илүү хөгжилтэй хэмээн ярьжээ.
-Дайн дуусвал та гэртээ харих уу?
-ОХУ маргааш дайнаа дуусгалаа ч орос үндсэрхэг үзэлтнүүд хаашаа ч алга болохгүй. Буриадууд ялгаварлан гадуурхагдсаар л байх болно. Путин солигдлоо ч өөр нэг нацист, эсвэл коммунист гараад ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс л одоо олон хүн бусад улс орон руу цагаачилж байна. Ихэнх нь Монголд үлдэх хүсэлтэй ч тийм амар биш. Харин Солонгос, АНУ руу явбал илүү хялбар.
Буриадууд аливаа зүйлийг ил хийх нь бага. Тэд ОХУ-ын бодлоготой санал нэгдэхгүй байвал цэргийн гэрээгээ цуцалж, өөр орнуудыг зорьдог. Ер нь ихэнх буриад хүний хувьд Орост урам хугарсан. Би төрөлх орноосоо явахад гунигтай, гаслантай л байлаа. Энэ чинь миний “тоонт нутаг” шүү дээ. Би Буриадад хайртай байсан, хайрлах ч болно. Над шиг хүмүүс Улаанбаатарт цөөнгүй бий.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ