Песков: Зеленский Оросын болзлыг биелүүлсэн цагт л хэлэлцээ хийнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаар дайн эхэлж, найман сарын хугацаанд Украины нутаг дэвсгэр дээр дайн дэгдэж байна. ОХУ Украины нутагт цөмрөн орсны дараахан буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр хоёр талын хэлэлцээ эхэлж, хамгийн сүүлд гуравдугаар сард Туркийн зуучлалтайгаар хэлэлцсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй, байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Мөн сүүлийн үед ОХУ удаа дараа тулган шаардсан утга бүхий мэдэгдэл хийж байлаа. Энэ удаад ч өөрсдийн нөхцөлийг тулгасан мэдэгдэл хийжээ.
Тодруулбал, "тусгай цэргийн ажиллагаа"-г дуусгавар болгохын тулд Москвагийн тавьсан нөхцөлийг хэрхэн биелүүлэх талаар Владимир Зеленскийтэй ОХУ хэлэлцээ хийхэд бэлэн гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. "Оросын тавьсан нөхцөл хэвээр. Ажиллагаа хэвийн явагдаж байна, бүх зорилгодоо хүрнэ" хэмээн Песков онцолсон байна.
Эргэн сануулахад, Владимир Путин анх тушаал өгөхдөө "Донецк, Луганскийг хамгаална", иргэдэд ямар ч хохирол учирахгүй, гагцхүү цэргийн объектуудад оновцтой цохилт өгч, Украиныг "цэрэггүйжүүлнэ" хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч дайн эхэлсэн эхний өдрөөс л хот сууринг эзлэж, түйвээж, өдгөө Украины олон хотын дэд бүтэц бүрэн сүйдээд байгаа юм. Түүнчлэн оросууд түр хяналтаа тогтоосон газруудаа ОХУ-ын эгнээнд нэгтгэх зорилгоор олон нийтийн санал асуулга зохион байгуулах, иргэдэд Оросын паспорт олгох, төгсөгчдөд Оросын гэрчилгээ олгох, дунд сургуульд орос хэл дээр бүх хичээлийг орох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ