Иранд ЛГБТ-ын төлөөлөл болох хоёр эмэгтэйд цаазаар авах ял оноожээ

Ираны шүүх ЛГБТ-ын хоёр идэвхтнийг "дэлхий дахинд завхайрлыг түгээн дэлгэрүүлсэн" гэсэн шариатын хуулийн заалтаар цаазын ял оноохоор болжээ. Энэ талаар Курдийн Hengaw хүний эрхийн байгууллагаас авсан эх сурвалжтайгаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 31 настай Зара Седигхи Хамедани болон 24 настай Эльхам Чубдар гэсэн хоёр бүсгүйд оноосон цаазын ял нь эмэгтэйчүүдэд бэлгийн чиг хандлагынх нь улмаас цаазын ял оноож байгаа Ираны анхны тохиолдол гэж хүний эрхийг хамгаалагчид онцолжээ.
Түүнчлэн эдгээр эмэгтэйчүүдийг христийн шашныг түгээн дэлгэрүүлсэн, сөрөг хүчний хэвлэлүүдтэй холбоотой хэмээн буруутгаж байгаа гэнэ. Мөн энэ хэргээр 52 настай Сохелия Ашрафи баривчлагдсан бөгөөд түүнд одоогоор ял оноогоогүй байгаа гэнэ.
Зара Седигхи Хамедани буюу Сара гэх бүсгүй Ираны ЛГБТ-ын алдартай идэвхтэн аж. Түүнийг 10 дугаар сард Иранаас Турк рүү гарах гэж байхад нь баривчилжээ. Сараг баривчилсны дараа хоёр сарын хугацаанд ганцаарчилсан камерт хорьж байсан гэнэ.
Одоо хүний эрхийн байгууллагууд эдгээр эмэгтэйчүүдийг ялаас хэлтрүүлэхийн тулд олон улсыг Иранд шахалт үзүүлэхийг шаардаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ