Британичуудын тал нь Трассыг Ерөнхий сайд болсонд сэтгэл дундуур байна

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон албан тушаалаа орхих болсон талаар долдугаар сард мэдэгдсэнээр Консерватив намын даргын төлөөх өрсөлдөөн эхэлсэн.
Ингээд намын дотоод сонгуулиар Гадаад хэргийн сайд Лиз Трасс намын даргаар тодорч, ингэснээр Их Британийн Ерөнхий сайдын албыг хаших болсон юм. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайдын суудалд очиж буй гурав дахь эмэгтэй болж байна.
Харин түүнийг ийнхүү Ерөнхий сайд болсонд Их Британийн оршин суугчдын тал хувь нь сэтгэл дундуур байгаа гэнэ. Ийм үр дүн YouGov компанийн явуулсан судалгаагаар гарчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 17 хувь нь "ер нь бол сэтгэл дундуур байна" хэмээн хариулсан бол 33 хувь нь "үнэхээр их сэтгэл гонсгор байна" хэмээн хариулсан байна.
Харин Лиз Трассыг Ерөнхий сайд болсонд "үнэхээр баяртай байна" гэж ердөө дөрвөн хувь нь хариулжээ. Судалгаанд оролцогчдын 18 хувь нь "ер нь бол сэтгэл хангалуун" гэж хариулсан бол 28 хувь нь энэ асуултад хариулахад хүндрэлтэй гэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ