Ши Жиньпин цар тахал эхэлснээс хойш анх удаа гадаадад айлчилна
2022-09-06

Хятадын дарга Ши Жиньпин коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд нэг ч гадаад оронд айлчлал хийгээгүй. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж буй анхны гадаад айлчлалаа Казахстанд хийхээр болжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 14-ний өдөр Казахстанд айлчлах юм байна. Энэ айлчлалын дараа, есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Самаркандад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зорих аж. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Ши Жиньпин, Владимир Путин нар уулзана гэж эх сурвалж онцолжээ. 

 

Ши Жиньпин хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сард гадаад айлчлалаа Мьянмарт хийсэн юм. Түүнийг ирэх 11 дүгээр сард болох G20-ийн уулзалтад оролцоно гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгдэж байв. Харин БНХАУ энэ мэдээллийг одоогоор батлаагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин