Орост шинээр хуягт танкны хоёр үйлдвэр барина

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин хуягт танкны зэвсэглэл, техникийн засвар үйлчилгээг хийх хоёр үйлдвэр шинээр байгуулах тухай Засгийн газрын захирамжид гарын үсэг зуржээ. Эдгээр үйлдвэрүүд нь ОХУ-ын Батлан хамгаалахын харьяанд байх аж.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, 71 дүгээр авто хуягт танкийн засварын үйлдвэр Москва мужийн Раменск, харин 72 дугаар үйлдвэр Ростов мужийн Каменск-Шахтинский хотод байгуулагдах юм байна. Эдгээр үйлдвэрүүдэд 365, 227 ажлын байр бий болгоно гэж тусгажээ.
Үйлдвэр байгуулахын тулд хоёр сарын хугацаанд удирдлагуудыг томилж, үйлдвэрт зориулан хугацаагүйгээр газар ашиглуулах, дөрвөн сарын дотор үйлдвэрүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Мишустин үүрэг болгосон байна. Энэ шийдвэр нь Украинд өдүүлсэн дайнтай холбоотой, Оросын тал танкаа ихээр алдаж байгаа тул яаралтай сэргээх шаардлагатай болсон гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдэгдсэнээр, дайн эхэлснээс хойш Оросын цэргүүд 2000 гаруй танкаа алджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ