Лиз Трасс: Их Британийг цалин өндөртэй, аюулгүй гудамжтай, амбицтай улс болгоно

img

Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс есдүгээр сарын зургааны өдөр албан ёсоор үүрэгт ажлаа хүлээн авлаа. Улмаар тэрбээр Засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг танилцуулжээ. 

 

Өмнөх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Бен Уоллес албан тушаалаа хадгалж үлдсэн байна. Харин Боловсролын сайд асан Жеймс Клеверли Лиз Трассын өмнөх албан тушаал буюу Гадаад хэргийн сайдын албыг хаших болжээ. 

 

Өмнө нь Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Квартенг Сангийн сайдаар томилогдсон байна. Брэндон Льюис лорд канцлер, Хуульзүйн сайдаар томлогджээ.  Ерөнхий прокурор асан Сьюелла Браверман гэх эмэгтэй Дотоод хэргийн сайд, Тереза Коффи гэх эмэгтэй Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий сайдын орлогчоор томилогджээ. Мөн шинээр албан тушаалд томилогдсон эмэгтэйчүүдийн дунд Венди Мортон багтаж байна. Тэрбээр сангийн парламентын нарийн бичгийн даргаар сонгогдсон бөгөөд өмнө нь Тереза Мей ерөнхий сайдын засгийн газарт Засгийн газрын зөвлөхийн туслахын албан тушаалыг хашиж байв.

 

Эргэн сануулахад, Борис Жонсон долдугаар сарын долооны өдөр албан тушаалаасаа огцрохоор болсон талаараа зарласны дараа ерөнхий сайдыг сонгох санал хураалт эхэлсэн юм. Санал хураалтын сүүлийн шатанд Трасс сангийн канцлер асан Риши Сунактай өрсөлдөн, тунаж үлдсэн. Ингээд эцсийн дүнгээр Гадаад хэргийн сайд Лиз Трасс ялалт байгуулснаар Их Британийн шинэ, гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд болсон юм. 

 

Тэрбээр Ерөнхий сайдын албанд очоод "Их Британийг өндөр цалинтай, аюулгүй гудамжтай, иргэн бүрт боломж байдаг улс болгоно" хэмээн амалсан юм. Лиз Трасс татварыг бууруулж, шинэчлэл явуулснаар эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн эрүүл мэндийн системд онцгой анхаарал хандуулна гэж амлаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ