Пентагон: Орос зэвсэг худалдан авахаар Хойд Солонгост хандсан

ОХУ зэвсэг худалдан авахаар Хойд Солонгост хандсан гэх мэдээлэл АНУ-д бий гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Патрик Райдер мэдэгджээ. Харин тэрбээр ийнхүү мэдэгдсэний дараа Цагаан Ордны төлөөлөгч Жон Кирби "зэвсэг худалдан авсан гэх мэдээлэл одоогоор АНУ-д байхгүй" хэмээн онцолсон байна.
Тодруулбал, "Орос улс зэвсэг худалдан авахын тулд Хойд Солонгост хандсан гэсэн мэдээлэл бидэнд бий" хэмээн Патрик Райдер сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Гэхдээ тэрбээр энэ мэдэгдлээ дэлгэрэнгүй тайлбарлаагүй талаар ВВС мэдээлжээ.
Үүний араас Цагаан ордны төлөөлөгч огт өөр мэдэгдэл хийсэн байна.
"Үнэхээр зэвсэг худалдан авсан гэдгийг батлах мэдээлэл бидэнд байхгүй. Тиймээс энэ талаар хэлэхэд хүндрэлтэй" хэмээн Цагаан ордны төлөөлөгч Жон Кирби хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Үүнээс өмнө, Америкийн Нью-Йорк Таймс сонин АНУ-ын тагнуулаас авсан эх сурвалжтайгаар "Орос улс БНАСАУ-аас артиллерийн сум болон пуужин худалдан авч байна" хэмээн мэдээлсэн юм. Оросын армид зэр зэвсэг нийлүүлэх сувгийг хориг арга хэмжээнүүд ихээхэн хязгаарласан тул Хойд Солонгосоос авахаар болсон гэж АНУ-ын Засгийн газар үзсэн аж.
Гэхдээ АНУ зэвсэг нийлүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй. Харин АНУ-ын нэрээ нууцалсан албаны төлөөлөгч сэтгүүлчдэд ярихдаа Орос улс Хойд Солонгосоос бага тусгалын пуужингууд, артиллерийн сум худалдан авч байгаа, цаашлаад "нэмэлт төхөөрөмжүүд" худалдан авах эрмэлзэлтэй хэмээн онцолсон ч чухам ямар төхөөрөмж авах талаар мөн л нэмэлт тайлбар өгөөгүй байна.
Америкийн бизнес хүрээлэнгийн мэдээллээр, Хойд Солонгос 152 миллиметрийн артиллерийн сум болон "Катюша" шиг пуужингууд үйлдвэрлэдэг аж. Иран, Хойд Солонгос хоёр хоёулаа хоригт орж, "олон улсын худалдаа" хийх боломжгүй болсон тул Оростой хэлэлцээ хийснээр "олон зүйл алдахгүй", тиймээс л Орос улс Иран, Хойд Солонгосоос зэвсэг худалдан авч эхэлсэн гэж NYT онцолжээ.
Өмнө нь, наймдугаар сард Орос улс Иранаас эхний ээлжийн дронуудыг хүлээн авсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Mohajer-6, Shahed гэсэн хоёр төрлийн нисэгчгүй нисэх аппаратыг Оросын тал хүлээн авсан гэнэ. Харин Кремль энэ мэдээллийг үгүйсгэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ