Буриадуудыг дайнд илгээхээр өндөр цалин амлаж байгаа ч сайн дурын батальон нь бүрдэхгүй байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаал өгснөөр өнөөгийн Орос, Украины дайн эхэлсэн. Энэ дайн эхлээд найман сар гаруйн хугацаанд үргэлжилж, мөн хугацаанд Оросын тал бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амсаж байгаа талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. Тиймдээ ч орон даяар, тэр дундаа зах хязгаар нутгуудаар сайн дураар цэрэгт явах эрчүүдийг бүртгэж, өндөр цалин, урамшуулал амлаж байгаа талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлсээр байна.
Сайн дурын цэргүүдийг элсүүлэх аян Буриадад ч өрнөж байгаа аж. Орос, Украины дайнд хамгийн ихээр хүнээ алдсан эхний хоёр бүс нутгийн нэг болох Буриадад "Байкал" нэртэй сайн дурын цэргүүдийн батальон бүрдүүлэхээр хэдэн сарын туршид ажиллаж байгаа юм. Өмнө нь амлаж байсан цалинг нэмж, нэмэлт урамшуулал амласан ч цэргүүдийн тоо гүйцэхгүй л байгаа нь Буриадын хэвлэлүүдийн мэдээллээс харагдаж байна.
Тухайлбал, Буриадын "Номер один" сонины мэдээлснээр, Украин дахь "тусгай цэргийн ажиллагаанд оролцох "Байкал" батальоны бие бүрэлдэхүүний 70 хувь бүрдсэн, дахин 200 цэрэг" шаардлагатай гэнэ. Энэ батальон нь нөөцийн мотобуудлагынх гэгдэх бөгөөд гэхдээ "шаардлагатай тохиолдолд сөргөлдөгчтэй зэвсэгт мөргөлдөөнд шууд оролцуулахаар тэргүүн шугам руу илгээнэ" хэмээн Буриадын хэвлэл мэдээлжээ. Сонины онцолсноор, одоо явган цэргийн байлдааны машины жолооч, "С" ангиллын жолооч, эмнэлгийн мэргэжилтнүүд шаардлагатай байгаа аж.
Энэ батальонд элсэх иргэд алба хаах гэрээг зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар байгуулах юм байна. Мөн Буриадад сайн дурынхныг аль болох хурдан татахын тулд "сонгон шалгаруулалтаар ороход зарцуулах хугацааг багасгахаар бүхнийг хийсэн, нэг өдрийн дотор л эмнэлгийн комиссоор орно, 3-4 өдрийн дотор бүх бичиг цаасны ажил дуусч, байршил руугаа явах боломжтой" хэмээн ухуулж байгаа аж. Мөн энэ батальоны цэргүүдэд нэг удаад 200 мянган рубль болон бусад хөнгөлөлт урамшшуллыг амлажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ