"Пеппа тоорой" хүүхэлдэйн кинонд ижил хүйстэн гэр бүлийг харуулсан нь шуугиан дэгдээжээ

img

Дэлхийн олон оронд ихээхэн алдартай "Пеппа тоорой" хүүхэлдэйн кино бүтээгчид ижил хүйстэн гэр бүлийг анх удаа харуулсан нь үзэгчдийн дунд ихээхэн шуугиан тарьсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Өнгөрсөн мягмар гарагт үзэгчдийн хүртээл болсон шинэ ангид хүүхэлдэйн киноны баатар Пенни "Би ээж, өөр нэг ээжийн хамт амьдардаг. Миний нэг ээж эмч, нөгөө ээж спагетти хийдэг" хэмээн ярих аж. 

 

Пеппа тоорой болон түүний нөхдийн талаар өгүүлэх цуврал хүүхэлдэйн киног Британийн хүүхэлдэйн кино бүтээгчид болох Марк Бейкер, Невилл Астли нар 2004 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болгож байгаа ч 18 жилийн туршид анх удаа ижил хүйстэн гэр бүлийн тухай гарсан нь энэ юм. Тэд ийнхүү энэ сэдвийг хөндөх болсон нь Америкийн нэгэн сайт дээр гарсан өргөх бичигтэй холбоотой байж болзошгүй гэж ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр жилийн өмнө гарсан тэрхүү өргөх бичигт Пеппа тооройны тухай хүүхэлдэйн кинонд ижил хүйстэн гэр бүлийн талаар багтаахыг шаардаж, энэ шаардлагыг 24 мянга гаруй хүн дэмжиж байсан гэнэ. 

 

Ижил хүйстэн гэр бүлийн тухай өгүүлэх анги гарсны дараа ЛГБТ төлөөллүүдийн эрхийг хамгаалдаг Stonewall байгууллагын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Робби де Сантос үүнийг ихээхэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 

"Энэ цувралыг үзэж байгаа олон хүүхэд хоёр ээж эсвэл хоёр аавтай байгаа. Ийм хүүхдүүдэд болон  гэр бүлд нь тэдний туршлагыг алдартай хүүхдийн киногоор харуулах нь тун чухал" хэмээн ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. 

 

Харин олон нийтийн сүлжээнд энэ киноны талаар ихээхэн шүүмжлэл өрнөжээ. Тэр дундаа Твиттер хэрэглэгчдийн дунд энэ талаар ширүүхэн хэлэлцсэн гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

"Пеппа тоорой"-нд лесбинүүд ээ? Хүүхдүүдэд зориулж зүгээр л хүүхдийн кино хийчхэж болдоггүй юм уу?" хэмээн нэгэн хэрэглэгч хүүхэлдэйн кино бүтээгчдийг шүүмжилсэн байна.

 

"Бодолцож болох л юм. Манай хүүхдүүд ижил хүйстэн гэр бүлтэй энэ ангийг үзсэн, тэглээ гээд дэлхий сүйрчхээгүй л байна" хэмээн өөр нэг хэрэглэгч бичжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Балиар юм бэ
2022-09-08