Канадад олон хүний аминд хүрсэн хэргийн сэжигтэн баривчлагдсаныхаа дараахан нас баржээ

img

Нэг өдрийн дотор 10 хүнийг хөнөөж, 18 хүнийг шархадуулсан хэргийн сэжигтэн Майлз Сандерсоныг Канадын цагдаагийнхан баривчилжээ. Гэвч баривчлагдсаныхаа дараахан нас барсан гэж цагдаагийн газар мэдээлсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Канадын цагдаагийнхан 32 настай Сандерсоныг гурван өдрийн туршид Канадын гурван муж даяар хайж, улмаар Саскачеван мужийн Ростерн хотоос олсон байна. Түүнийг хулгайлсан машинаа унаж явахад нь хотын ойролцоох зам дээр цадаа зогсоожээ. Сандерсонд санаатайгаар бусдын амь насыг хөнөөсөн, амь насанд халдахыг завдсан гэсэн зүйл ангиар ял тулгасан ч баривчлагдсаныхаа дараахан нас барсан гэнэ.

 

Орон нутгийн цагдаагийн газрын комиссарын туслах Ронда Блэкмор хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгөхдөө Сандерсон баривчлагдсаныхаа дараахан бие нь огцом муудсан, улмаар эмнэлэгт хүргэсэн ч эмчилгээ авч чадалгүй нас барсан хэмээжээ. Үүнээс өмнө хэвлэлүүд түүнийг баривчлагдах үедээ өөрийгөө шархадуулсны улмаас нас барсан хэмээн мэдээлж байв.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн ням гарагт Саскачеваны алслагдсан дүүрэг, Канадын индианчууд амьдардаг нутагт хүйтэн зэвсэг ашигласан аймшигт халдлага гарсан юм. Хэргийн улмаас 10 хүн амиа алдаж, 18 хүн шархадсан байна. Даваа гарагт цагдаагийнхан Майлз Сандерсоны дүү Дэмиен Сандерсоны цогцосыг олжээ. Түүний цогцос хэрэг гарсан нутагт, цагпдаагийнхан нэгжлэг хийж байсан байшингийн ойролцоох өвсөн дундаас олдсон бөгөөд биен дээр нь гэмтлийн ул мөр байсан гэж цагдаагийнхан мэдээлж байв.Одоо цагдаагийнхан Дэмиен аллагын хэрэгт хамааралтай эсэх, ах нь түүнийг хөнөөсөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ