Трасс, Шольц нар найдвартай эрчим хүчний хангамжийн чухлыг онцолжээ

Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасс ХБНГУ-ын канцлер Олаф Шольцтай утсаар ярьжээ. Энэ үеэрээ Оросын эдийн засгийн сүрдүүлгээс үүдэн хохирол амсаж буй орнуудыг дэмжих нь чухал хэмээн онцолсон талаар DW агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Лиз Трасс, Олаф Шольц нар эрчим хүчний хямралын талаар хэлэлцжээ. Ингээд найдвартай, тогтвортой эрчим хүчний хангамж чухал гэдгийг хоёр тал онцолсон гэж Их Британийн Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна.
Мөн энэ үеэр Трасс Европ дахь ардчилал, эрх чөлөөг хамгаалахын чухлыг онцолсны дээр Оросын эдийн засгийн сүрдүүлгээс болж хохирол амсаж буй орнуудыг дэмжих ёстой хэмээн мэдэгджээ. Мөн батлан хамшаалах салбарт илүү нягт хамтран ажиллахыг Германы талд уриалсан байна. Харин Шольц Трасст хандан ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, Берлинд албан ёсны айлчлал хийхийг урьжээ.
Үүнээс нэг өдрийн өмнө Лиз Трарсс Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан юм. Энэ үеэр тэрбээр Украиныг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, урт хугацаанд Британи туслаж дэмжинэ гэдэгт найдаж болно хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ