Оросын депутатууд Путинийг төрөөс урвасан хэрэгт буруутгахыг уриалжээ

Оросын санкт-Петербург хотын нэгэн тойргийн орон нутгийн депутатууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг төрөөс урвасан хэрэгт буруутгах саналыг Оросын Төрийн думд гаргах хүсэлтэй байгаа гэнэ. Үүний шалтгаан нь Украин руу түрэмгийлсэн явдал гэж орон нутгийн депутат Дмитрий Палюга Твиттер хуудсандаа бичжээ.
"Смольнинскийн орон нутгийн зөвлөл Ерөнхийлөгч Путинийг албан тушаалаас нь буулгахын тулд төрөөс урвасан хэрэгт буруутгах саналыг Төрийн думын гишүүдэд гаргахаар шийдсэн" хэмээн Дмитрий Палюга Твиттер хуудсандаа бичжээ. Энэ шийдвэрийг орон нутгийн депутатуудын олонх нь дэмжсэн гэж тэрбээр онцолсон байна.
Түүнчлэн тэрбээр энэ шийдвэр болон Төрийн думд хандах хүсэлтийн зургийг Твиттертээ нийтлэжээ. Хүсэлтэд Украин руу Орос түрэмгийлснээс хойших Ерөнхийлөгч Путиний үйлдэлд "төрөөс урвасан шинж тэмдэг байна" хэмээн онцолсон байна. Украины эсрэг дайн Оросын армийн байлдах чадвартай хэсгүүдийг устгаж байна гэж депутатууд үзжээ.
Түүнчлэн цэргийн түрэмгийлэл нь ОХУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд "үр дагаваргүй өнгөрнө гэж үгүй" хэмээн орон нутгийн эрх барих байгууллагын гишүүд үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ