"Лондонгийн гүүр нурлаа" буюу II Елизаветаг таалал төгсвөл авах арга хэмжээг хэрхэн төлөвлөж байв

Одоогоос яг нэг жилийн өмнө, есдүгээр сарын тавны өдөр олон улсын хэвлэлүүдээр "Их Британийн хатан хааныг таалал төгссөн тохиолдолд авах арга хэмжээг төлөвлөжээ" гэсэн гарчигтай мэдээлэл гарч байлаа. Эртнээс хаант засагтай энэ улс нарийн дэг жаягтай байх бөгөөд тиймдээ ч хатан хааныг таалал төгссөн тохиолдолд хэрхэх талаар урьдчилан, нарийвчлан бэлдэж байжээ.
Politico сонины 2021 оны есдүгээр сарын тавны өдрийн дугаарт гарсан мэдээллээр, хатан хааныг таалал төгсөхөд ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй тусгасан маш нууц ажиллагааны баримт бичгүүдийг урьдаас боловсруулсан гэнэ.
Энэ баримт бичигт зааснаар, эрхэм дээдэс таалал төгссөн талаар хатан хааны хувийн нарийн бичгийн дарга Ерөнхий сайдад #LondonBridgeDown буюу "Лондонгийн гүүр нурлаа" гэх утгатай шифрлэгдсэн мэссэж илгээх гэнэ. Үүний дараа утас эсвэл цахилгаан мэдээллээр Засгийн газрын бусад гишүүд, өндөр албан тушаалтнууд энэ талаар мэдэх бөгөөд гэхдээ тэд Ерөнхий сайд ард түмэндээ хандан үг хэлэх хүртэл энэ мэдээллийг нууцлах ёстой аж.
"Лондонгийн гүүр" ажиллагаанд төлөвлөснөөр, хатан хаан II Елизаветаг таалал төгссөн тохиолдолд хатан хааны гэр бүлийн олон нийтийн сүлжээн дэх бүхий л хуудсуудыг хар өнгөтэй болгон, бие барсан талаарх товч мэдээлэлтэйгээр оруулж, 10 өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарлаж, Вестминстерийн ордонд авсыг байрлуулан, гурав хоногийн туршид британичууд хатан хаантай салах ёслол хийх боломжийг олгох гэнэ.
Ингээд хатан хааныг таалал төгссөний маргааш нь ханхүү Чарльзыг Британийн шинэ хаанаар зарлах аж. Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүд, нууц зөвлөхүүд цуглах бөгөөд энэ үеэр протоколын дагуу хар эсвэл бараан өнгийн зангиа зүүж, аливаа төрлийн гоёл чимэглэлийг хориглох юм байна.
Таалал төгссөнөөс хойш хоёр дахь өдөр нь хатан хааны цогцос бүхий авсыг Букингемийн ордонд авчирна. Дараа нь Вестминстерийн ордонд аваачин, тэнд британичууд хатан хаантайгаа салах ёслол хийнэ. Нэр нөлөө бүхий хүмүүс хатан хаантай салах ёслол хийхээр дугаарт удаан зогсохгүйн тулд тэдэнд тасалбар зарахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингээд хатан хааныг бие барсанаас хойш 10 дахь өдөр нь оршуулах ёслол болох бөгөөд хатан хааныг нөхөр Эдинбургийн гүн Филиппийн булшны хажууд, Винзорын цамхагт оршуулах аж.
Ийнхүү хатан хааныхаа үхэлд эртнээс бэлдэж байсан Их Британи энэ ёс жаягаа даган гашуудлын ажиллагааг зохион байгуулж байна. II Елизаветагийн хүү Чарльз хаан ширээг залгамжлан авсан бөгөөд тэрбээр III Карл хэмээн нэрлэгдэх юм.
“ШИНЭ ЕЛИЗАВЕТАГИЙН ЭРИН” ТӨГСЛӨӨ
Их Британийг 70 жил удирдсан хатан хаан II Елизавета 96 насандаа таалал төгсжээ. Есдүгээр сарын наймны орой түүнийг эмч нарын зөвлөснөөр хяналтад оруулсан бөгөөд удалгүй тэрбээр таалалн төгссөн байна. Одоо түүнийг том хүү Чарльз нь III Карл нэрээр залгамжлах юм байна. Мягмар гарагт, эмч нар хатан хааны эрүүл мэндэд санаа зовниж, хяналтад оруулсны дараа хатан хааны Шотланд дахь Балморал ордонд түүний бүх хүүхэд, ач, хаан ширээ залгамжлагч Уильям болон Харри нар иржээ. Энэ талаарх мэдээлэл дөнгөж пүрэв гарагт нийтэд ил болсон юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ