Зеленский: Есдүгээр сарын нэгнээс хойш Украины мянга гаруй квадрат километр нутгийг чөлөөллөө

Есдүгээр сарын нэгний өдрөөс хойш Украины Зэвсэгт хүчин мянга гаруй квадрат километр нутгийг Оросын түрэмгийллээс чөлөөлсөн гэж Владимир Зеленский мэдэгджээ.
"Есдүгээр сарын нэгний өдрөөс хойш мянга гаруй квадрат километр нутаг дэвсгэрээ чөлөөллөө. Украины бүх цэргүүд, ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа, тэргүүн шугаман дээр төдийгүй ар талд байж, манай ялалтад хувь нэмрээ оруулж буй бүх хүнд талархаж байна. Газар нутгаа чөлөөлсөн нь батлан хамгаалах үүргээ цаг тухайд нь ёсчлон биелүүлдэг хүн бүхний гавьяа" хэмээн Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.
Түүнчлэн энэ мэдэгдлийнхээ үеэр Украинаас газар тариалангийн бүтээгдэхүүнийг тээвэрлэн гаргaж байгаа нь олон улсын хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж байна хэмээн Зеленский онцолсон байна.
"Өнөөдөр гэхэд л манай боомтуудаас Азийн орнуудыг зорихоор газар тариалангийн бүтээгдэхүүн ачсан дөрвөн хөлөг онгоц хөдөллөө. Энэ цаг мөчид Суданы боомтыг зорих хөлөг онгоцонд 65 мянган тонн хүнсний улаан буудайг ачиж байна. Өчигдөр Кенид хүрэх улаан буудай ачсан хөлөг онгоц хөдөлсөн. Харин одоо Одессын боомт дээр Ливан, Ливи рүү хүрэх хөлөг онгоцуудад бүтээгдэхүүн ачиж байна. Үүний араас Энэтхэгийг зорих хөлөг онгоц хөдөлнө" хэмээн Зеленский мэдэгджээ.
Түүнчлэн, Украин улс дэлхийн өнцөг буланд байх хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа, тиймээс л энэхүү нийлүүлэлт нь олон улсын хүнсний аюулгүй байдлыг хангаж байна хэмээн Зеленский цохон тэмдэглэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ