Дайны үеийн гүнж

ИБУИНХУ-ыг 70 жил удирдсан хатан хаан II Елизавета есдүгээр сарын наймны өдөр 96 насандаа таалал төгссөн. Түүнийг гүнж ахуйд Дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэн бөгөөд энэ үйл явдал Нэгдсэн Хаант Улсын бүхий л иргэдийн амьдралд ул мөрөө үлдээсний дээр ирээдүйн хатан хаан Елизавета эх орон нэгтнүүдийнхээ адил энэ дайныг даван туулсан юм.
Дайн эхлэхэд тэрбээр 13 настай байжээ. Чухамхүү энэ үеэс л угсаа залгамжлагчийн хувиар гүйцэтгэх олон нийтийн үйл ажиллагаа нь эхэлсэн гэгддэг.
1940 оны 10 дугаар сард Их Британийг чөлөө завгүй бөмбөгдөх үеэр Елизавета анх удаа радиогоор үг хэлжээ. Энэ нь Британийн хотууд дээр бууц буй бөмбөгнөөс хол Хойд Америк руу явуулж буй хүүхдүүдэд хандсан үг байв.
Елизавета гүнж анх удаа радиогоор үг хэлж байнаа нь. Түүнтэй хамт дүү, гүнж Маргарет байна. Лондон, 1940.10.12
Энэ үг зүгээр ч нэг үг байсангүй. АНУ дахь олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх зорилготойгоор гүнж үг хэлсэн нь энэ аж. Тухайн үед америкчуудын ихэнх нь дайнд татагдан оролцохыг эсэргүүцэж байжээ.
"Гэртээ үлдэж буй хүүхдүүд бид урьдын адил гутрахгүй, эр зориг дүүрэн байна. Бид эрэлхэг далайчин, цэрэг, нисгэгчдэдээ туслахын тулд боломжит бүхнийг хийхийг хичээж байгаа. Түүнчлэн бид аюул, дайны уй гашуугаас үүдсэн хүнд дарамтыг үүрэхэд бэлэн байна" хэмээн Елизавета өгүүлжээ.
Хааны охид болох гүнж Елизавета, Маргарет нар хаашаа ч явалгүй Британид үлдсэн нь британичуудад ихээхэн сэтгэлийн дэм өгч байсан гэдэг.
Дайны үеийн амьдрал
Дайн эхлэх үеэр л Британийн засгийн газар хааныг эхнэр хүүхдийнх нь хамт бөмбөгдөлтөөс хол, Канад руу явуулахаар зүтгэж байсан ч хааны гэр бүл эрс татгалзжээ.
"Надгүйгээр хүүхдүүд хаашаа ч явахгүй, би тэдний эцгийг орхиод хаашаа ч явахгүй, харин хаан ямар ч тохиолдолд улс орноо орхихгүй" хэмээн хатан хаан Елизавета (shuud.mn: VI Георгийн хатан, II Елизаветагийн ээж) мэдэгдэж байв.
Хоёр гүнжийг Винзорын цамхаг руу илгээсэн ч Лондонгоос холгүй байсан тул бүрэн аюулгүй байдалд байгаа гэж хэлэхэд хүнд байв. Нэгэн удаа тэд хоргодох байранд байх үед цамхагаас холгүйхэн бөмбөг унасан гэдэг.
Орой болон амралтын өдрүүдээр хаан, хатан хаан хоёр охид дээр ирж, харийн хувийн багш нар хоёр гүнжид хичээлийг нь заасан хэвээр байжээ. Британийн энгийн ард иргэд болон фронт дээр цэргүүд олноор амиа алдсанд ихээхэн хямарч байсан эцгийнхээ сэтгэл санааг өргөхийн тулд охид нь жүжиг тавьдаг байсан гэнэ. Энэ нь ч ихээхэн амжилттай болж, улмаар хааны гэр бүлийн уламжлал болжээ.
Эхлээд "Үнсгэлжин", дараа жил нь "Алладин" үлгэрээр жүжиг тавив. Хоёр гүнж гол дүрд нь тоглож, жүжигтээ сайтар бэлдэн сургуулилалдаг байжээ.
Дүрэмт хувцаст гүнж
Дайны сүүлийн жил Елизавета Орон нутгийн туслах корпуст элсэн, дүрэмт хувцас өмсөв. Бага тушаалын офицер болсон Елизаветаг 230873 дугаарт бүртгэжээ. Тэрбээр гурван долоо хоногийн туршид бусад сайн дурынхны хамт сургалтад хамрагдаж, механикийн үндсийг судалж, ачааны машин жолоодож сурсан байна. Энэ нь хааны гэр бүлийн эмэгтэй анх удаа энгийн хүмүүстэй хамт сурсан хэрэг байв.
Мөн энэ онд Хатан хааны флотын дэслэгч Филипп Маунтбэттенд дурлаж, хожим нь тэд гэрлэснээр Эдинбургийн гүн цолтой болсон Филипп Елизаветагийн бүх насных нь тулгуур болж байгаад өнгөрсөн жил таалал төгссөн юм.
Европт ялалтын баярын өдөр Букингемийн ордны өмнө хүмүүс олноор цугларч, талбайд хөл гишгэх газаргүй болжээ. Хааны гэр бүлтэй хамт тагтан дээр Уинстон Черчилль гарч ирсэн бөгөөд харин хоёр гүнж үүний дараа бусдад анзаарагдалгүй ордноос гарч, цугласан олны дунд орсон байна.
"Нэгнээ огт танихгүй хүмүүс сугадалцан урт цуваа үүсгэн явж байсан. Бидэнд аз жаргал, сэтгэл хөнгөрсөн мэдрэмж төрж байлаа. Бид Грин паркаар явж, ордны гаднах талбайд зогсон, хүмүүстэй хамт "Хаантай уулзахыг хүсэж байна" гэж хашгиралдаж байлаа. Энэ бол миний амьдралд тохиосон хамгийн дурсамжит мөчүүдийн нэг" хэмээн хатан хаан Елизавета хожим нь дурсаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ