Зеленский: Оросуудтай ах дүү байснаас хоолгүй, гэрэлгүй байсан нь дээр

Ням гарагт Оросын цэргүүд Украины зарим мужийн дэд бүтцэд цохилт өгсний улмаас Украины хэд хэдэн бүс нутаг цахилгаан эрчим хүчгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оросуудад хандан мэдэгдэл хийсэн талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ.
"Хийгүй байх уу эсвэл та наргүй байх уу? Та наргүй байна. Гэрэлгүй байх уу эсвэл та наргүй байх уу? Та наргүй байна. Усгүй байх уу эсвэл та наргүй байх уу? Та наргүй байна. Хоолгүй байх эсвэл та наргүй байх? Мэдээж та наргүй... Даарах, өлсөх, цангах, харанхуй байх нь бидэнд та нарын "нөхөрлөл, ах дүүгийн харилцаа"-тай харьцуулахад тийм ч аймшигтай санагдахгүй байна" хэмээн Зеленский телеграм хуудсандаа бичжээ. "Түнэр харанхуй дунд ч Украин болон соёлт ертөнц энэхүү террорист халдлагыг нэвт харж байгаа" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Ням гарагт Оросын цэргүүд иргэний дэд бүтцийн нэн чухал объектуудад пуужингаар цохилт өгчээ. Улмаар Харьков, Запорож, Днепропетровск, Сумск, Донецк мужуудад дэлбэрэлт болсон талаар Украины эрх баригчид мэдээлжээ. Оросууд ийнхүү цохилт өгсөн нь Украины зэвсэгт хүчин сөрөг довтолгоо хийсэнд хонзогносон хэрэг хэмээн Украин үзэж байгаа аж. Оросууд ням гарагт пуужингийн цохилт өгсний улмаас Харьков мужид метро зогссон бол Сумск мужид ус хангамж тасалдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ