2022 оны тавдугаар сарыг дуустал Харьков муж дахь Украины Аюулгүй байдлын албаны газрыг удирдаж байсан Роман Дудин төрөөс урвасан хэргээр баривчлагджээ. Энэ талаар Украины олон нийтийн телевиз радио хууль сахиулах байгууллагын хоёр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины баруун хэсэг дэх нэгэн мужаас Дудинийг баривчилсан гэнэ. Түүнийг баривчилсантай холбоотойгоор Украины холбогдох албаныхан одоогоор тайлбар өгөөгүй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 29-ний өдөр Харьков мужид очиж ажилласныхаа дараа Роман Дудинийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тухайн үед Зеленский Дудинийг "дайн эхэлсэн эхний өдрөөс л хотыг хамгаалах тал дээр ажиллаагүй, гагцхүү өөрийнхөө талаар л бодож байсан" хэмээн буруутгаж байв.
Түүнчлэн долдугаар сард Зеленский Украины Аюулгүй байдлын албаны тэргүүн Иван Баканов, Ерөнхий прокурор Ирина Венедиктова нарыг ажлаас нь халж байлаа. Энэ үед тэрбээр мэдэгдэл хийхдээ тус улсад төрөөс урвасан хэрэг хэдэн зуу бүртгэгдсэн, мөн хууль сахиулах байгууллагын 60 гаруй ажилтан эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр үлдэж Киевийн ашиг сонирхлын эсрэг ажиллаж байгаа хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |