Хатан хааны хагас тэрбум долларын хөрөнгийг хүү нь өвлөнө

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 70 жил төр барихдаа хатан хаан II Элизабет ихээхэн хөрөнгө цуглуулсан гэнэ. Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хатан хааны өв хөрөнгө хагас тэрбум доллараас буухгүй аж.
Өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн хатан хааны гол баялаг нь урлагийн бүтээлийн цуглуулга, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө зэрэг өмч бөгөөд тухайлбал Шотландын Балморалын цайз, Сандрингем дэх эдлэн зэрэг нь хатан хаан II Элизабетын өмч юм байна. Түүнд 2002 онд ээжээс нь багагүй хөрөнгө өвлөгдөн иржээ. Үүнд үнэт эдлэл, маркийн хосгүй цуглуулга, шаазан эдлэл гээд нийт 70 сая долларын хөрөнгө өвлөгдсөн байна.
Ингээд төр барих хугацаандаа хатан хаан хөрөнгөө ихээхэн өсгөсөн бөгөөд энэ хөрөнгө хүү, шинэ хаан Чарльзад оногдох аж. Британийн хаад бусад иргэдээс ялгаатай нь өв хөрөнгийн 40 хувьтай тэнцэх татварыг төлөх үүрэг хүлээдэггүй юм байна. Бусад иргэд шиг өв хөрөнгөөс татвар төлдөг байсан бол III Чарльз 200 сая доллар алдах байсан гэж The Sun мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ