ОХУ Украинд хийсэн дайныхаа талаар сургалтын хөтөлбөрт багтаахаар болжээ

Оросын Гэгээрлийн яам ерөнхий боловсролын стандартыг өөрчилж, Украин дахь "тусгай цэргийн ажиллагаа"-ны талаар түүхийн хичээлээр ахлах ангийнханд заахаар болсон, холбогдох тушаал гарсан гэж Коммерсант мэдээлжээ.
Яамны тушаалд өгүүлснээр, "Түүх"-ийн хичээлээр ЗХУ задран унасны шалтгаан болоод үр дагавар, Оросын Холбооны Улс дэлхийн их гүрэн болон сэргэн мандсан, Крым Оросын бүрэлдэхүүнд орсон, Украин дахь "тусгай цэргийн ажиллагаа" болон XX-XXI зууны бусад чухал үйл явдлуудын талаарх суурь мэдлэгийг ахлах ангийн сурагчдад олгох гэнэ. Түүнчлэн "2022 оны геополитикийн хямрал, дэлхийн системд үзүүлсэн түүний нөлөө" сэдвээр сурагчид хичээл үзэх аж.
Энд дуулгахад, Оросын Гэгээрлийн яам энэ хичээлийн жилд дунд сургуулиудад "Чухал сэдвээрх яриа" нэртэй эх оронч хичээл заах журам нэвтрүүлсэн байна. Эх орноо хайрлах, улсаараа бахархах, эх орноч үзэл төлөвшүүлэх зорилгоор энэ хичээлийг бага ангийн сурагчдад зааж байгаа аж. Түүнчлэн энэ журмын дагуу шинэ долоо хоног бүр Оросын төрийн дууллыг дуулж, төрийн далбаа мандуулах ёслол хийдэг болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ