Шотланд хатан хаантайгаа салах ёс гүйцэтгэж байна

Хатан хаан II Элизабеттэй салах ёс хийхийн тулд Эдинбургэд олон мянган хүн дуугаа хураан зогсжээ. Хүмүүсийн дундуур хатан хааны шарилыг хүндэтгэлтэйгээр залж, Гэгээн Эгидейн сүм рүү хүргэсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Сүмд ёслол үйлдсэний дараа хэдэн өдрийн туршид хатан хааны шарилыг энэ сүмд байлгах бөгөөд дараа нь Лондонд хүргэх аж. Энэ хүртэл сүмд хүссэн хүн бүр орж, хатан хаантай салах ёс гүйцэтгэж болох юм байна. ВВС агентлагийн мэдээлснээр, сүм рүү орж, хатан хаан II Элизабеттэй салах ёс хийх хүсэлтэй хүмүүсийн урт цуваа үүсчээ.
Энд дуулгахад, хатан хааныг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслолын арга хэмжээ есдүгээр сарын 19-ний өдөр болно. Төрийн оршуулгын ёслолд гадаадын 500 орчим төлөөлөгч оролцох төлөвлөгөөтэй байгаа аж. Politico сонины мэдээлснээр, төрийн оршуулгад уригдсан дэлхийн төрийн тэргүүнүүд автомашин болон нисдэг тэрэг ашиглах боломжгүй, Лондон руу арилжааны нислэгээр ирэх шаардлагатай гэнэ. Оршуулах ёслолд олон зочин оролцох тул зогсоол хүрэлцэхгүйн улмаас ийм шаардлага тавьжээ. Мөн гадаадын төлөөлөгчид болох төрийн тэргүүнүүдийг нэгдсэн журмаар автобусаар зөөх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ