Зюганов: Украинд тусгай ажиллагаа биш дайн өрнөж байна, дайчилгаа зарлах хэрэгтэй

ОХУ-ын Коммунист намын дарга Геннадий Зюганов есдүгээр сарын 13-ны өдөр Төрийн думын хурал дээр үг хэлэхдээ "Украин дахь тусгай ажиллагаа"-г дайн хэмээн нэрлээд Орост бүх нийтийн дайчилгаа зарлахыг уриалжээ.
"Дайн болон тусгай ажиллагаа эрс ялгаатай. Тусгай ажиллагааг зогсоож болно. Харин дайныг та нар хүссэн ч зогсоож чадахгүй. Дайнаас гарах хоёр л гарц байна ялалт эсвэл ялагдал. Донбасст ялалт байгуулах нь бидэнд нэн чухал. Энэ улсын хүн бүр болж буй үйл явдлыг бодитоор үнэлж дүгнэх ёстой. Дайн өрнөж байна, бид үүнд ялагдах эрхгүй. Одоо цочирдох цаг биш. Харин улс орон даяар дайчилгаа зарлаж, өөр хууль батлах ёстой" хэмээн Зюганов мэдэгджээ.
Үүний дараа, Коммунист намын хэвлэлийн алба намынхаа даргын мэдэгдлийг тайлбарласан байна. Тэдний өгүүлснээр, Зюганов цэрэг адйчилгааны талаар биш харин эдийн засаг, улс төрийн систем, нөөц боломжийг дайчлах ёстой гэсэн утгаар хэлсэн гэнэ.
"Зарим хүмүүс илт өдөөн хатгаж, энэ мэдээллийг гуйвуулан тараарж байна. Ийм хүмүүсийг цаазлах ёстой" хэмээн Коммунист намын хэвлэлийн төлөөлөгч Ющенко мэдэгджээ.
Гэхдээ сүүлийн өдрүүдэд Оросын улс төрчдийн амнаас дайчилгаа, цэргийн нөөцтэй холбоотой үгс хэдэнтээ гарч байлаа. Тухайлбал Коммунист намаас сонгогдсон Думын гишүүн Михаил Матвеев амбан захирагчид болон депутатуудад хандан фронтод сайн дураар элсэхийг санал болгож байв. Түүнчлэн, Хабаровскийн хязгаарын захирагч Михаил Дегтярев хэдэн өдрийн өмнө мэдэгдэл хийхдээ, Украин руу сайн дурын цэргээр явмаар байгаа ч хариуцлагатай албан тушаалаа орхих эрхгүй хэмээж байжээ. Үүний дараа Хабаровскийн хязгаарын оршин суугчид "захирагчдаа мөрдөөлөө биелүүлж, Донбасст байлдахад нь тусалъя" гэсэн өргөх бичиг гаргаж, үүнд хэдэн мянган хүн гарын үсэг зурж байв.
Үүний зэрэгцээ, Зюганов дайчилгааны талаар мэдэгдэл хийхээс нэг хоногийн өмнө буюу есдүгээр сарын 12-ны өдөр Оросын эрх баригч нам "Нэгдсэн Орос"-ын гишүүн, Төрийн думын депутат Михаил Шеремет ч мөн дайчилгаа эхлүүлэхийг санал болгож байлаа. Түүний өгүүлснээр, дайчилгаа явуулахгүй л бол Украин дахь тусгай ажиллагааны зорилгуудыг биелүүлэх боломжгүй гэнэ.
Орост дайчилгаа зарлах уу?
Харьков мужаас Оросын цэргүүд гарсны дараа Орост бүх нийтийн дайчилгааны талаарх яриа дахин гарах болсон юм. Анх энэ яриа 2022 оны хавраас буюу дайн дэгдсэний дараахнаас эхэлж байлаа. Харин зургадугаар сард The Guardian зэрэг барууны хэвлэлүүд Орост бүх нийтийн дайчилгаа явуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлсэн ч Кремлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тухай бүрт нь энэ мэдээллийг няцааж байсан юм.
Түүнчлэн мягмар гарагт Оросын Думын гишүүд дайчилгааны талаарх мэдэгдэл хийсэн ч Песков мөн л ийм болможийг няцаажээ. "Одоо ийм яриа байхгүй, энэ талаар огт яригдаагүй" хэмээн Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Дайчилгаа гэж юу вэ, хэн татагдах вэ ?
Орчин үеийн Оросын түүхэнд бүх нийтийн дайчилгаа нэг ч удаа зарлагдаж байгаагүй гэнэ. Хуульд зааснаар, дайчилгаа зарласан нөхцөлд нөөцөд байгаа бүхий л хүмүүс дайчилгааны хуудсанд бичигдсэн хугацаанд цугларах хэсэгт очих үүрэгтэй аж.
ОХУ-ын хуулийн дагуу бүх нийтийн эсвэл хэсэгчилсэн дайчилгаа зарлах боломжтой бөгөөд хэсэгчилсэн дайчилгааны үед тухайлсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой тооны хүмүүсийг цэрэгт дайчлах юм байна.
Нөөцөд, бэлтгэлд байгаа хүмүүс дайчилгааны хуудас аваад заасан хугацаанд, заасан газарт очих ёстой бөгөөд үүнийг зөрчвөл 500-3000 рублиэр торгох заалттай. Түүнчлэн цэргийн мэргэжилтэй эмэгтэйчүүдэд ч дайчилгаа хамааралтай гэнэ.
Харин армид алба хааж байгаа хүмүүсийн хувьд тэднийг дайчилгаа зарлаагүй байсан ч байлдааны ажиллагаанд татах болможтой юм байна. Цэргийн албанаас халагдсанаас хойш дөрвөн сарын дотор хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны ажиллагаанд оролцуулахаар илгээж болох хуулийн заалт үйлчилдэг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ