ОХУ, Беларусь, Мьянмарын төрийн тэргүүнүүдийг хатан хааны оршуулгад уриагүй

Есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотноо хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол болно. Цог жавхлант хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр дэлхийн бараг бүх орноос төлөөлөгчид ирэх хэдий ч өдгөө дэлхий дахинд дайн өдөөж байгаа улс орнуудын төрийн тэргүүнүүдийг уриагүй гэж 24show.biz мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Лондонд болох төрийн оршуулгын ёслолд Оросын Ерөнхийлөгчийг уриагүй байна. Учир нь Орос улс Украины эсрэг дайн өдүүлсэнтэй холбоотой аж. Их Британи улс дайн эхэлсэн эхний өдрөөс л Украиныг дэмжиж, энэ улсын томоохон холбоотнуудын нэгд тооцогдож байгаа тул хатан хааны оршуулгад Путинийг уриагүйд гайхах зүйлгүй. Түүнчлэн Оросын анд нөхөр Беларусийн төрийн тэргүүнийг ч Лондонд уриагүй байна.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард цэргийн эргэлтийн дүнд генералуудын удирдлаганд очсон Мьянмарын төлөөлөгчдийг ч хатан хааныг үдэх ёслолд уриагүй гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Харин Иран төрийн оршуулгад оролцох урилга хүлээн авсан ч Ираны төрийн тэргүүн биш харин Лондон дахь Ираны элчин сайд оршуулгад оролцох юм байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, дэлхийн өнцөг булан бүрээс өндөр дээд хэмжээний 500 орчим зочин, ИБУИНХУ-ын 1500 зочин оршуулах ёслолд оролцож, цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс хийх аж. Хатан хааныг Винзорын цамхагт байх Гэгээн Георгийн сүмд оршуулах бөгөөд өнгөрсөн онд хатан хааны нөхөр, ханхүү Филиппийг мөн энд оршуулж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ