Блүмберг: Хориг арга хэмжээний улмаас ОХУ-д олон тэрбум долларын хохирол учирсан

Украин руу түрэмгийлсний дараа барууны орнууд авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний улмаас Оросын санхүүгийн салбарын шууд хохирол олон зуун тэрбум долларт хүрсэн гэнэ. Энэ мэдээллийг ОХУ-ын Сангийн яамны дотоод баримт бичгээс иш татан Блүмберг агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 29-ний өдөр болсон Оросын өндөр албан тушаалтнуудын зөвлөгөөнд зориулан энэ илтгэлийг бэлдсэн гэнэ. Илтгэлд тусгаснаар, Оросын хөрөнгийн зах зээлийн хөрөнгийн үнэлгээ 40 хувиар буурсан, банкны хөрөнгө 10 хувиар буурсан, Төв банкны 300 тэрбум доллараар үнэлэгдэх валютын нөөц царцаагдсан, 4,6 их наяд рублийн евробонд царцаагдсан, 563 тэрбум рублийн үнийн дүнтэй актив царцаагдсан байна. Харин нийт хохирлын талаар тусгаагүй аж.
Эргэн сануулахад, ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн өдүүлсний хариуд барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж, голлох банкуудыг SWIFT системээс салгасан юм. Түүнчлэн гадаадын санхүүгийн байгууллагуудад байх Оросын хөрөнгийг ч царцаасан бөгөөд ОХУ өдүүлсэн дайнаа зогсоохгүй бол дараагийн арга хэмжээг авна хэмээн мэдэгдсээр байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ