Армени, Азербайжаны сөргөлдөөнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдана
2022-09-15

Армени, Азербайжаны хил дээрх нөхцөл байдлын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл есдүгээр сарын 15-ны өдөр нээлттэй хуралдахаар болжээ. Энэ хуралдааныг зарлах хүсэлтийг Арменийн тал гаргасан байна. Үүнээс өмнө, есдүгээр сарын 14-ний өдөр Аюулгүйн зөвлөл хаалттай горимоор хуралджээ. 

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайт дээрх мэдээлэлд өгүүлснээр, "НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дэргэдэх Арменийн байнгын төлөөлөгчийн захидал"-тай холбоотойгоор асуудлыг хэлэлцэхээр болсон аж. Түүнчлэн, өнөөдөр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын төлөөлөгчид хоёр орны хил эдэр очиж ажиллах юм.

 

Эргэн сануулахад, есдүгээр сарын 13-ны шөнө Азербайжаны цэргүүд хил дээр Арменийн байршил руу буудсаны дараа Армени улс Орос, НҮБ, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад тусламж хүсэн хандсан юм. Сөргөлдөөн дахин эхэлсэнд талууд нэгнээ буруутгаж байгаа бөгөөд хоёр хоногийн дотор Армени, Азербайжаны талаас нийт 150 гаруй хүн амиа алджээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний үдшээс эхлэн талууд албан бус энхийн тохиролцоонд хүрсэн гэж Коммерсант мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин