Мэргэн буудагч, десантынхантай эргүүл буюу Вестминстерт аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ

Лондон хотноо аюулгүй байдлыг хангах хамгийн нарийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд олон мянган хүн хатан хаантай салах ёс хийхээр дараалалд зогсож, хүмүүсийн урсгал тасрахгүй байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс хаад, хатад, ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Лондон хотыг зорьж, ирэх даваа гарагт Вестминстерийг зорино. Оршуулах ёслолын ажиллагааг дэлхий даяарх олон сая хүмүүст зориулан телевизээр шууд дамжуулах бөгөөд энэ үйл ажиллагаа олон улсын алан хядагчдын бай болж болзошгүй тул аюулгүй байдлыг хангах дээд зэргийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.
МИ-5 (shuud.mn: Британийн сөрөг тагнуулын газар) Засгийн газрын холбоо харилцааны төвтэй хамт нууц байдлаар ажиллаж, терроризмтэй тэмцэх цагдаагийнхантай хамт эрчимтэй үйл ажиллагаа явуулж, Их Британийн өнцөг булан бүрээс ирсэн цагдаагийнхан нийслэлийн цагдаа нар дээр хүч нэмэгдүүлэн ажиллахын дээр цэрэг, иргэний хамгаалалтынхан ч шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах ажилд нэгдэхээр бэлэн байдалд оржээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, одоогоор хатан хаантай салах ёс хийхээр зогсож буй хэдэн километр урт дараалал хамгийн эмзэг цэг байгаа гэнэ. Даваа гараг хүртэл энэ урт дараалал өдөр шөнөгүй үргэлжлэх тул цагдаагийнхан хүмүүсийг нэн сэрэмжтэй байж, сэжигтэй санагдсан хүмүүсийн талаар нэн даруй мэдэгдэхийг хүмүүст анхааруулжээ. Вестминстерийн ордныг чиглэсэн урт дараалалд эмх журмыг хангах үүднээс Британийн эрх баригчид хувийн хамгаалалтын компаниудыг хөлсөлсөн байна. Түүнчлэн мягмар гарагийн үдэш энд хамгаалалтад гарахаар 1,5 мянган цэргийн алба хаагч, тэр дундаа десантын цэргүүд иржээ.
Энэ зуур Вестминстерийн дээгүүр "Wildcat" цэргийн нисдэг тэрэг тогтмол нислэг үйлдэж, эргүүл хийж байгаа бол МИ-5-ын ажилтнууд "сонирхол татаж буй объектууд" гэгддэг, өөрөөр хэлбэл сэжигтэй эсвэл өмнө нь терроризм, экстремизмд татагдаж байсан хүмүүсийн зан байдал, үйлдэлд гарах аливаа өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж байгаа гэнэ. Харин Холбоо харилцааны төв сэжигтэй радио, утас болон бусад харилцаа бүрт хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Вестминстерийн ордны дээвэр дээгүүр дуран, зэвсэгтэй цагдаагийнхан эргүүл хийж, мэргэн буудагчид зогсож байгаа гэж ВВС мэдээлжээ.
Харин дараалалд зогсож байгаа хүмүүсийг алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж буй этгээдүүдийг илрүүлэх тал дээр мэргэшсэн цагдаагийн мэргэжилтнүүд ажиглаж байгаа гэнэ. Гадна ажиглалтын олон зуун камерын дэлгэцээр цагдаагийнхан дараалалд зогсоо хүмүүсийг хянаж байгаа аж. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт зөөврийн камеруудыг ч байршуулжээ. Мөн дэлбэрэх бодис, галт зэвсгийг үнэрээр танидаг нохойтой эргүүлүүд хүмүүс дараалалд зогссон газраар явж, эргүүл хийж байгаа юм байна.
Гадаадын өндөр дээд зочид ирэх нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
Аюулгүй байдлыг хангах энэхүү ажиллагааг цар хүрээгээрээ Лондонгийн олимпынхтой дүйцнэ гэж ажиглагчид үзэж байгаа юм. Гэхдээ 2012 онд болсон Олимпын үеэр хүмүүсийн цуглах газар бүрт шалган нэвтрүүлэх хэсэг байрлаж байсан. Харин хатан хаантай салах ёс хийх ажиллагааны үеэр ийм шалган нэвтрүүлэх хэсгийг гагцхүү Вестминстерийн ордны орох хэсэгт байршуулжээ.
Их Британийн хууль сахиулагчдын өгүүлснээр, гадаадын өндөр дээд зочид ирэх нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа гэнэ. Баасан гараг гэхэд л гадаадын төлөөлөгчид эхнээсээ Лондонд ирэх бөгөөд тэдний дунд Японы хаан Нарухито, Европ, Тонга, Бутаны хаад, хатад, Катарын эмир, олон орны ерөнхийлөгч, ерөнхий сайд багтах аж. Тэдний дундаас АНУ, Израилийн Ерөнхийлөгчдийг онцгой эрсдэлд учирж болзошгүй гэж хууль сахиулагчид үзэж байгаа тул тэдний аюулгүй байдлыг хангах нь ихээхэн хүндхэн сорилт болоод байгаа гэнэ. Тиймдээ ч бүх зочдод нэгдсэн унаагаар үйлчлэх ч АНУ-ын Ерөнхийлөгч Байденыг хувийн, хуягласан машинаа ашиглахыг зөвшөөрчээ. Мөн өөр хэд хэдэн орны төрийн тэргүүнүүд өөрсдийн лимузинээр оршуулгад оролцох гэнэ.
Оршуулах ёслолын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд бүх зүйлийг нарийвчлан шалгаж байгаа аж. Траншейний таг бүрийг сайтар хааж, шалгасны дараа лацдана. Гудамжны гэрлийн бүрхүүлийг хааж, шалгана гэх зэргээр тэсрэх төхөөрөмж суурилуулж болзошгүй нүх сүв бүрийг цагдаагийнхан нарийвчлан шалгах юм байна. Мөн тэсрэх бодисыг үнэрээр нь таньдаг эрэлч нохойтой эргүүлүүд ордон болон ойр орчмын нутаг тогтмол эргүүл хийх аж.
Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол болох өглөө байшингийн дээвэр дээгүүр нэмэлтээр цагдаагийн ажиглагчид зогсох бол мэргэн буудагчид байршлаа эзлэн, харин Агаарын онцгой албаны тусгайгийнхан байлдааны бэлэн байдалд орох гэнэ.
Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслолын ажиллагаа есдүгээр сарын 19-ний даваа гарагт болно. Энэ ёслолд дэлхийн 500 орчим төрийн тэргүүн, дэлхийн хэмжээний алдартнууд оролцохоор төлөвлөж байна. Оршуулах ёслолд дайн өдөөсөн Орос, энэ улсыг дэмжиж байгаа Беларусь болон Мьянмарын төрийн тэргүүнүүдийг уриагүй. Харин Хойд Солонгос, Никарагуа гэсэн орнуудыг элчин сайдын төвшинд оролцохыг урьжээ. Гадаадын ихэнх орнуудын төрийн тэргүүнүүдэд арилжааны нислэгээр Лондонд ирэхийг санал болгосон бөгөөд энэ нь түгжрэл үүсгэхээс сэргийлсэн алхам гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ