АНУ Рамзан Кадыров болон түүний охид, гурван эхнэрийн эсрэг хориг тавьжээ

img

ОХУ Украинд өдүүлсэн дайнд ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Рамзан Кадыров ихээхэн "идэвх, зүтгэлтэй" оролцож байгаа юм. Тиймдээ ч АНУ түүний эсрэг хориг тавьжээ. 

 

Тодруулбал, Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, түүний гурван охин, түүнчлэн Кадыровын эхнэр гэгдэг гурван эмэгтэйг Украин дахь дайны улмаас хориг арга хэмжээний жагсаалтад багтаасан гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэнийг "Эрх чөлөө радио" мэдээлсэн байна. 

 

Америкийн Сангийн яамнаас гаргасан шинэчилсэн хориг арга хэмжээний жагсаалтад нийт 22 хувь хүн, хоёр хуулийн этгээд багтжээ. Тэдний дунд Оросын Ерөнхийлөгчийн туслах Максим Орешкин, Үндэсний төлбөрийн картын системийн ерөнхий захирал  Владимир Комлев зэрэг эрх бүхий албан тушаалтнууд багтсан байна.

 

Энд дуулгахад, АНУ-ын Төрийн департамент Чечень дэх хүний эрхийн зөрчилд оролцоотой хэмээн үзэж Рамзан Кадыровын эсрэг 2020 оны долдугаар сард хориг тавьж байлаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд тамлалт, шүүхээс гадуурх шийтгэл зэрэг хүний эрхийн бүдүүлэг зөрчлүүдэд Кадыров хариуцлага хүлээх ёстойг батлах үнэн бодит мэдүүллээд бий гэж АНУ мэдэгдэж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

заваан юм бэ 3 эхнэртэй
2022-09-19