Синьхуа: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс нэг Хятад бодлогыг хатуу баримталдагийг нотлов

Узбекистаны Самарканд хотод болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жинпиньи Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.
Хятад, Монголын харилцаа тааламжтайгаар хөгжих чиг хандлага хадгалагдаж, төрөл бүрийн салбар дахь хоёр орны солилцоо, хамтын ажиллагаа эерэг үр дүн өгч байгаа талаар Ши Жинпинь онцолсон байна. Түүнчлэн Хятад улс Монголтой харилцах харилцаагаа гадаад бодлогодоо чухалчилдаг, Монголтой уламжлалт харилцаагаа хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэйгээ илэрхийлжээ.
Хоёр орон хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ байхын тулд найрамдалт харилцаа, харилцан туслалцаа, дэмжлэг, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдлыг эрхэмлэх ёстой гэж Ши Жинпинь өгүүлсэн байна. Мөн БНХАУ төрийн удирдлагын салбарт Улаанбаатартай туршлага солилцох, Хятадын "Бүс ба зам" санаачилгыг Монголын "Талын зам" санаачилгатай уялдуулахад дэмжлэг үзүүлэх, Хятад-Монгол-Орос гэсэн эдийн засгийн коридор байгуулах, олон улсын аюулгүй байдлын салбар дахь Даяршлын хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх, түүнчлэн Монгол улсын хурдтай, таатай хөгжлийг дэмжих эрмэлзэлтэйг Ши Жинпинь онцолсон байна. Түүнчлэн цөлжилттэй тэмцэх тал дээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Харин У. Хүрэлсүх Хятад, Монголын уламжлалт найрамдал харилцаа өдрөөс өдөрт бэхжиж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байгааг тэмдэглэсэн байна. Мөн коронавирусийн цар тахалтай тэмцэхэд үзүүлсэн тусламж, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалахад оруулсан хувь нэмэрт талархлаа илэрхийлжээ.
Түүнчлэн, Тайвань, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлууд Хятадын дотоод асуудал гэдгийг У.Хүрэлсүх онцлоод, Монгол Улс нэг Хятад бодлогыг хатуу баримталдаг, аливаа улс орон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг шийдэмгий эсэргүүцдэг гэж цохон тэмдэглэсэн байна.
Хамтын ажиллагааны тал дээр худалдаа эдийн засаг, төмөр замын салбар дахь бодит хамтын ажиллаагаг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэ тал дээр Хятадын талаас оруулж буй хувь нэмрийг Монгол өндрөөр үнэлж байгааг илэрхийлсэн хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, "Ши Жинпиний шийдэмгий удирдлагын дор Хятад улс орчин үеийн социалист улс байгуулах агуу зорилгодоо амжилттай хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Хятадын Коммунист намын ХХ их хуралд амжилт хүссэн" байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ