ОХУ-ын Ерөнхийлөгчийн сан дайны суртал ухуулгад 625 сая рубль зарцуулжээ

img

Украин руу Орос түрэмгийлсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн соёлын санаачилгын сан дайны суртал ухуулгыг шууд болон дам байдлаар хийх төслүүдэд 625 сая рубль зарцуулсан гэнэ. Энэ талаар Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжигчдийн байгуулсан "Сирена" хэвлэлийн эрэн сурвалжлах нийтлэлд өгүүлжээ. 

 

Гуравдугаар сарын сүүлээр сангийн зохицуулалтын хорооны дарга, Ерөнхийлөгчийн захиргааны даргын нэгдүгээр орлогч Сергей Кириенко "эх оронч үзэл, улс орондоо үнэн байсныхаа төлөө" барууны хоригт орсон соёл, урлагийн зүтгэлтнүүд, төслүүдийг дэмжихэд нэг тэрбум орчим рубль зарцуулна гэж мэдэгдэж байсан гэнэ. Энэ мөнгийг 2022 оны хавар болон зун нийт 172 төсөлд хуваан өгчээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украин дахь дайны ил суртал ухуулга бүхий, тэр дундаа Z, V гэсэн Оросын түрэмгийллийн албан ёсны бэлгэдлүүдийг ашигласан төслүүд хамгийн их дэмжлэгийг авсан гэнэ. Тэр дундаа "ZaРоссию" нэртэй марафон зохион байгуулсан байгууллага 100 сая рублийн дэмжлэг авчээ.

 

Түүнчлэн, дөрөвдүгээр сард болон тавдугаар сарын эхээр Крымд болсон "Za Россию" урлагийн тоглолтын хөтөлбөрийг Оросын төсвөөс 100 сая рублиэр (shuud.mn: монгол мөнгөөр таван тэрбум гаруй төгрөг) зохион байгуулсан гэж ВВС агентлагийн Орос редакци мэдээлж байлаа. Энэ нь урлагийн тоглолтын төлбөр төлөх хамгийн үнэтэй гэрээ болсон байна.

 

Үүний зэрэгцээ, ВКонтакте болон Рутуб сувгуудаар гардаг "Вечерный излучатель" нэртэй Дмитрий Пучковын суртал ухуулгын нэвтрүүлэгт 19 сая рубль зарцуулжээ. Энэ хэмжээний дэмжлэгийг авах хүсэлтэд энэхүү нэвтрүүлэг нь "нийгэмд уламжлалт оюун санаа, ёсзүйн үнэт зүйлсийг сурталчилж, болж буй үйл явдалд эх оронч үзлээр хандах нөхцөлийг бүрдүүлнэ" хэмээн онцолсон байна. 

 

Энд дуулгахад,  Z болон V үсгүүдийг Украин дахь дайнд оролцож буй Оросын техникүүд дээр бичиж байгаа юм. Кремлийг баримтлагч хэвлэлүүд болон төрийн байгууллагууд энэ үсгүүдийг Украин дахь "тусгай ажиллагааны бэлгэдэл" гэж сурталчилах нь олонтаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ