Балтийн орнууд болон Польш өнөөдрөөс эхлэн Орос, Беларусийн иргэдийг нэвтрүүлэхгүй

ОХУ Украин руу халдаж, дайн дэгдээсэнтэй холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч дайн зогсохгүй байгаа тул иргэд рүү нь чиглэсэн хориг тавих ёстой гэсэн байр суурийг Украин илэрхийлж байлаа. Улмаар Европын холбоо Оросын иргэдэд виз олгохгүй байх, визийн журмыг чангатгах зэрэг арга хэмжээнүүдийг хэлэлцэхээр болж байв. Үүнтэй холбоотойгоор хамгийн түрүүлж алхам хийсэн нь Балтийн орнууд байлаа.
Тодруулбал, Латви, Литва, Польш, Эстони гэсэн орнууд Европын холбооны аль ч гишүүн орноос авсан Шенгений визтэй ОХУ, Беларусийн иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарагсан бөгөөд энэ хориг есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэллээ. Ингэснээр, өнөөдрөөс эхлэн ОХУ-ын иргэд гагцхүү Финландаар дамжин Европын холбооны хил нэвтрэх боломжтой аж. Түүнчлэн есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Швейцар улс оросуудад хялбаршуулсан байдлаар виз олгох журмаа түр зогсоож байна.
Энд дуулгахад, Европын холбооны орнууд Оростой хийсэн хялбаршуулсан журмаар виз олгох хэлэлцээгээ зогсоохоор энэ сарын эхээр тохиролцсон юм. Ингэснээр оросууд Европын холбооны виз авахын тулд өмнөхөөс өндөр хураамж төлж, виз олгох явц өмнөхөөс удааширна гэсэн үг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ