Кыргызстан, Тажикистан хил дээр энх тайван тогтоох баримт бичигт гарын үсэг зурлаа

img

Долоо хоногийн туршид сөргөлдөж, олон хүнээ алдсан Кыргызстан, Тажикстан улс хоёр орны хил дээрх нөхцөл байдлыг тогтворжуулах, энх тайвныг хадгалах, бэхжүүлэх тухай ажлын протоколд гарын үсэг зуржээ. Энэ талаар Кыргызстаны талыг төлөөлөн баримт бичигт гарын үсэг зурсан Кыргызстаны Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны тэргүүн Камчыбек Ташиев мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

Кыргызстан, Тажикистаны хил дээрх нөхцөл байдал есдүгээр сарын 14-ний өдөр хурцадсан юм. Тухайн үед Баткенск мужийн гурван хэсэгт хоёр талын хилчдийн хооронд буудалцаан болж байлаа. Кыргызистаны энэ мөргөлдөөнд Тажикистаныг буруутгаж, нутаг дэвсгэрийг нь авахын тулд байлдааны хүнд техник татаж авчирсан хэмээж байв. Ингээд мөргөлдөөн даамжирч, хилийн шугам дагуу бүхэлдээ зэвсэгт мөргөлдөөн өрнөж байсан тул Кыргызстаны Онцгой байдлын яам мөргөлдөөний бүсээс 136 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, Баткенск мужид онц байдлын дэглэм тогтоож байлаа.

 

Мөн энэ зэвсэгт мөргөлдөөний улмаас Кыргызстаны 59 иргэн амиа алдаж, 183 хүн шархадсан байна. Олон хүн амиа алдсан тул есдүгээр сарын 19-ний өдрийг Кыргызстанд Үндэсний гашуудлын өдөр болгон зарласан юм. Харин Тажикистаны талаас 33 хүн амиа алдсаны дотор эмэгэтйчүүд хүүхдүүд байсан гэж Тажикистаны Гадаад хэргийн яам мэдэгджээ. 

 

Хоёр орны хил дээр 70 орчим маргаантай хэсэг байдаг, эдгээр дээр нарийн тэмдэглэгээ байдаггүйн улмаас сөргөлдөөн байнга гардаг юм. Кыргызстан, Тажикистаны хоорондын хил 972 км үргэлжилдгээс 2022 оны долдугаар сарын байдлаар 600 км орчмыг зөвшилцөн, тохиролцож чаджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ