Европт талхны үнэ эрс өсжээ

Европын холбооны орнуудад талхны дундаж өртөг 18 хувиар нэмэгджээ. Энэ талаар Евростат статистикийн агентлаг мэдээлснийг Евроньюс дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны наймдугаар сард талх хамгийн ихээр үнэд орсон улс нь Унгар гэнэ. Унгарт талхны үнэ 66 хувиар нэмэгдсэн бол үүний араас 33 хувиар үнэ өссөн Литва, 32 хувиар үнэ нэмэгдсэн Эстони, Словак улсууд оржээ. Харин талхны үнэ бага өссөн орнуудад Франц, Нидерланд, Люксембург улс багтаж байна. Эдгээр орнуудад талхны үнэ 8-10 хувиар нэмэгджээ.
Талх, хүнсний ногоо, махны үнэ өссөн, голчлон тос, өөхний үнэ эрс өссөн ч талх зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээхэн нэмэгдсэн талаар Евростатын сайт дээр нийтлэгдсэн мэдээлэлд өгүүлсэн байна. Ийнхүү үнэ өсөж байгаа нь Орос Украин руу түрэмгийлсэнтэй ч холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж. Учир нь Орос, Украин үр тариа, улаан буудай, эрдэнэ шиш, наран цэцэг, бордооны томоохон экспортлогчид байсан бөгөөд дайн эхэлснээр Украины боомтуудаас тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй болсон бол Орос улс хоригт орсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ