Зеленский: Дайнд 55 мянган орос цэрэг амиа алдсан, тэмц, эсэргүүц, зугт

Оросын цэргүүд Украины суурин газруудыг эзлэх оролдлогоо үргэлжлүүлж, Орост хэсэгчилсэн дайчилгааг эсэргүүцэн, зарим нь хөрш орнуудаа зорьж эх орноо орхин зугтсан үйл явдалтайгаар дайны 211 дэх өдөр өнгөрлөө. Есдүгээр сарын 22-ны байдлаар Орос, Украины дайныг тойрсон үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойш үдэш бүр олон нийтэд хандан мэдэгдэл хийдэг болсон. Тэрбээр хоёрдугаар сарын 24-нөөс хойш өдөр бүр хийж буй мэдэгдэлдээ зарим үед оросуудад хандан орос хэлээр мэдэгдэл хийдэг юм. Энэ удаад ч мөн орос хэлээр, Оросын иргэдэд хандан эсэргүүцэлд нэгдэхийг уриалжээ.
"Хагас жилийн дотор 55 мянган орос цэрэг энэ дайнд амиа алдлаа. Олон мянган цэрэг шархдаж, гэмтсэн. Дахиад олныг үхүүлмээр байна уу? Үгүй юу? Тэгвэл тэмц. Эсэргүүц. Зугтацгаа. Эсвэл Украины олзонд ор. Энэ бол амьд үлдэх боломж" хэмээн Зеленский мэдэгджээ.
Беларусь дүрвэсэн оросуудыг ОХУ-д хүлээлгэж өгнө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросоос гарах иргэдийн тоо эрс нэмэгдэж, тийзний эрэлт огцом өссөний дээр визгүй зорчдог хөрш орнуудаа зорьсон оросуудын цуваа хилийн боомтууд дээр хэдэн километр урт дараалал үүсгэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Оросууд ийнхүү олноор дүрвэж эхэлснийг олон улсад өөр өөрөөр хүлээж авч байна. Тухайлбал, Израиль улс Оросоос гарах иргэдийн тоо огцом өсөж байгаа энэ үед Оросоос Израилийг чиглэх нислэгийн тоогоо нэмэгдүүлэхийг дотоодын агаарын тээврийн компанидаа уриалж, Оросын иргэд олноороо Израильд ирсэн нөхцөлд тэднийг хүлээн авах, орон байр олоход нь туслах ажлыг эхлүүлэхээр болсон юм. Харин ОХУ-ын холбоотон улс болох, олон улсад "дайныг дэмжигч" гэж тооцогддог Беларусь улс Оросын иргэд зугтаж орж ирвэл тэр даруй Оросын талд хүлээлгэн өгөхөөр болжээ.
Тодруулбал, Орост дайчилгаа зарласны дараа л Беларусийн хүчний байгууллагууд дайчилгаанаас нуугдах зорилгоор Беларусь руу орж ирсэн Оросын иргэдийг ОХУын талд хүлээлгэж өгөх тухай холбогдох аман тушаал авсан гэж "Мая Краіна Беларусь" сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хоногоор түрээслэдэг байрнуудад хяналт тавьж, Орос дугаартай машинуудыг шалгах аж.
Дайчилгааг эсэргүүцсэн оросууд дахин жагсаалд нэгдэнэ
Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласан тул Камчатка, Магадан, Эрхүү мужид нисэхийн диспетчерүүд зарлан дуудах хуудас авсан гэж Нисэхийн диспетчерүүдийн холбооны үйлдвэрчний эвлэлийн дарга Сергей Ковалев мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ.
Улмаар нисэхийн диспетчерүүдийн холбоо эдгээр мэргэжилтнүүдийг дайнд зарлан дуудахыг хориглохыг уриалсан байна. "Нисэхийн диспетчерүүдийг зарлан дуудаж байгаа нь нисэхийн ажилд хүндээр нөлөөлнө" хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинд хандан Нисэхийн диспетчерүүдийн холбоо захидал хүргүүлжээ.
Түүнчлэн цэргийн нисэхийн нисгэгчид олноор ажилладаг агаарын тээврийн салбарт ч зарлан дуудах хуудсаас болж үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байгаа гэнэ. Коммерсант агентлагийн мэдээлснээр, агаарын тээврийн салбарын нисгэгчдийн 40 хувь нь дайчилгаанд хамрагдах хүмүүс байгаа аж.
Ийнхүү дайчилгаа ид өрнөж байх үед Оросын "Весна" залуусын хөдөлгөөн дайчилгааг эсэргүүцсэн ээлжит эсэргүүцлийн арга хэмжээгээ зохион байгуулахаа зарласан байна. Улмаар есдүгээр сарын 24-ний 17:00 цагт Орос даяар гудамжинд гарч, эсэргүүцэлд нэгдэхийг уриалжээ.
"Орон даяар дайчилгаа ид өрнөж байна. Ердөө удахгүй манай олон мянган эр фронт руу явна. Бид үүнийг эсэргүүцэж чадна, эсэргүүцэх ч ёстой" гэж идэвхтнүүд мэдэгджээ.
Эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах хот, иргэд цуглах газрыг есдүгээр сарын 23-нд зарлах гэнэ. Энэ нь цагдаагийнхан урьдаас бэлдэхээс сэргийлж байгаатай холбоотой аж.
"Нэг сая хүнийг зарлан дуудна"
Дайчилгааны тухай тушаалын нууцалсан долдугаар заалтын дагуу Оросын Батлан хамгаалах яам нэг сая хүнийг зарлан дуудах боломжтой гэж "Новая газета. Европа" сонин Оросын Ерөнхийлөгчийн захиргаанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн өгүүлснээр, анхандаа дайчилгааны тухай тушаалыг бүхэлд нь нууцлахаар хэлэлцэж байсан ч дараа нь гагцхүү "албан ажилд зориулж" гэсэн нэрийн дор дайичлгаанд хамрагдах хүмүүсийн тоог заасан долдугаар заалтыг нууцлахаар болсон гэнэ.
"Дайчилгаанд хамрагдах хүний тоог хэдэнтээ өөрчилж засаад, эцэст нь нэг сая гэдэг дээр тогтсон" хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж "Новая газета" сонинд ярьжээ. Өмнө нь Оросын Батлан хамгаалахын сайд Шойгу хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд 300 мянган хүнийг зарлан дуудна хэмээн мэдэгдэж байв.
Нэг сая хүнийг зарлан дуудах тухай мэдээлэл гарсны дараа Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллийг үгүйсгэжээ.
ОХУ-Д ДАЙЧИЛГАА ЗАРЛАСНЫ ДАРАА ТИЙЗНИЙ ЭРЭЛТ ОГЦОМ ӨСӨЖ, ОРОН ДАЯАР ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ӨРНӨВ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгсөн нь дэлхий дахинд, Орос дотроо ч ихээхэн цочирдом мэдээлэл байлаа. Дайн өдөөхийг эсэргүүцсэн хүмүүс Оросын хэд хэдэн хотод жагсаж, улмаар саатуулагдан, "ОХУ-ын Зэвсэгт хүчний нэр төрийг гутаасан" хэрэгт унаж байв. Украинд дайн эхэлснээс хойш энх тайвныг хүсэн олон нийтийн өмнө эсэргүүцлээ илэрхийлсэн бараг хүн бүрийг хэрэгт татаж байсан гэхэд хилсдэхгүй. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ