Украины дөрвөн бүс нутагт ОХУ-д нэгдэх санал асуулга эхэллээ

Өөрсдийгөө тунхагласан Донецк, Луганск улс болон Оросын түрэмгийллийн явцад Оросын талын хяналтад орсон Херсон, Запорож мужид Москвагийн цагаар 08:00 цагт (Улаанбаатарын цагаар 13:00 цаг) олон нийтийн санал асуулга эхэлсэн талаар Коммерсант мэдээлжээ.
Санал асуулга есдүгээр сарын 27-ныг дуустал явагдах бөгөөд эдгээр нутаг дэвсгэр ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах хүсэлтийг гаргах эсэхийг шийдэх гэнэ. Бүгд Найрамдах Донецк Улсын тэргүүн Денис Пушилин оршин суугчдад хандан Телеграм сувгаар дамжуулан мэдэгдэл хийхдээ "энэ мөчийг найман жил гаруй хугацаанд хүлээсэн" хэмээн онцолсон талаар Известия мэдээлсэн байна.
Олон улсын эрхзүйгээр Украины нутаг дэвсгэрт тооцогддог дээрх бүс нутагт олон нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэрийг энэ долоо хоногт гаргаж байлаа. Шийдвэр гарсны дараа АНУ, Европын холбоо олон нийтийн санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Оросын эсрэг нэмэлт хориг тавина хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ