ОХУ-ын олон нийтийн санал асуулга буюу ацан шалаа

ОХУ эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэр дээрээ Орост нэгдэх санал асуулга явуулсан. Энэ санал асуулгын дүнгээр тухайн нутгийн оршин суугчид бараг 100 хувь Орост нэгдэхийг дэмжсэн гэнэ. Ийм мэдээллийг Интерфакс агентлаг дамжуулжээ.
ОХУ-ын Сонгуулийн төв хорооны мэдээлснээр, Бүгд Найрамдах Донецк Ард Улсад явуулсан олон нийтийн санал асуулгад оролцогчдын 98,69 хувь нь Орост нэгдэхийг, Луганскад 97,93 хувь, Херсон мужид 96,75 хувь харин Запорож мужид болсон олон нийтийн санал асуулгад оролцогчдын 97,1 хувь нь ОХУ-д нэгдэхийн төлөө саналаа өгсөн гэнэ.
ОХУ эзлэн түрэмгийлсэн нутгуудад санал асуулга явуулах тухай яриа бүр эрт л гарч байв. Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр л ОХУ оршин суугчдаас санал авах нэрийдлээр Украины нутаг дэвсгэрийг эзлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл гарч байлаа. Оросын хараат бус хэвлэл болох "Медуза" сайтын мэдээлснээр, ийм санал асуулгыг тавдугаар сард явуулахаар төлөвлөж байсан ч есдүгээр сар хүртэл хойшлуулж, дараа нь Оросын армийн бүтэлгүйтлээс болж 11 дүгээр сар хүртэл хойшлуулж байв. Харьков мужид украинчууд амжилттай сөрөг давшилт хийснээр есдүгээр сарын 11-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан олон нийтийн санал асуулгыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Гэсэн ч гэнэт л есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд эзлэгдсэн нутгийн захиргааныхан гэх Оросын талаас томилогдсон албаныхан олони нийтийн санал асуулгыг яаралтай явуулахыг "уриалснаар" ердөө хэдхэн өдрийн дараа энэ санал асуулга эхэлсэн юм.
Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдэд болсон олон нийтийн санал асуулгад хичнээн хүн санал өгсөн нь тодорхойгүй байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, санал асуулга дуусахаас нэг хоногийн өмнө ирц 50 хувийг давсан гэнэ. Гэвч үнэндээ маш цөөн хүн үлдсэн суурингуудад ч санал авч байгааг илтгэх мэдээллийг Оросын төрийн телевизүүд харуулж байлаа. Тухайлбал, Россия 1 телевизийн сувгаар Новотошковское сууринд болсон санал хураалтыг харуулсан бөгөөд энэ сууринд дайнаас өмнө 2000 гаруй хүн амьдарч байгаад энэ оны есдүгээр сарын сүүл гэхэд ердөө 10 хүн үлджээ.
Оросын төрийн хяналт бүхий хэвлэлүүд, телевизийн сувгууд эзлэгдсэн нутаг дэвсгэрт явагдсан олон нийтийн санал асуулгын талаар сурвалжилж, оршин суугчид баяртайгаар санал өгч байгааг харуулан, сэтгүүлчидтэй уулзсан иргэд "Бид энэ мөчийг удаан хүлээсэн. Орос оронд баярлалаа" гэх зэрэг үгсийг хэлж байгааг дамжуулсан бол хараат бус хэвлэлүүдийн мэдээллээс огт өөр дүр зураг харагдаж байна.
Тухайлбал, Фонтанка, Медуза сайтын мэдээлснээр, олон нийтийн санал асуулгад сайн дураар саналаа өгсөн хүний тоо тодорхойгүй, Оросын хяналтад орсон захиргааныхан хүмүүсийг санал өгөхийг албадаж, оршин суугчдын гэрээр зэвсэглэсэн хүмүүсийн хамт сонгуулийн комиссын гишүүд явж санал өгөхийг шаардаж байсан гэнэ. Харин Украины талын мэдээлснээр, ажлаас нь хална гэж сүрдүүлэн олон хүнийг санал авах хэсгүүд рүү явуулсан бол олон хүн байгаа гэж харагдуулахын тулд 13-17 насны хүүхдүүдийг ч сонгуулийн хэсэгт авчирсан аж.
Ийнхүү ОХУ Украины нутагт олон нийтийн санал асуулга явуулж, эдгээр нутгийг өөртийн эгнээнд нэгтгэхээр боллоо. Харин энэ арга хэмжээ зохион байгуулагдах талаарх мэдээлэл гарсны дараа л дэлхийн улс орнууд олон нийтийн санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн бол Украины тал энэ санал асуулга эзлэгдсэн нутаг дэвсгэрээ эргүүлэн авахад нөлөөлөхгүй хэмээн онцолсон юм.
Гэвч эзлэгдсэн нутгаа эргүүлэн авах Украины оролдлого ихээхэн ноцтой үр дагаварт хүргэж мэдэх юм. Учир нь нэгэнт л санал асуулга нэрийн дор Украины нутгийг өөрийн болгож байгаа ОХУ дараагийн удаад эдгээр нутгийг чөлөөлөх гэсэн Украины алхам бүрийг "Оросын бүрэн бүтэн байдалд халдсан" гэж үзэн шалтаглаж, хурцадмал байдал улам дэвэрч мэдэхээр байна. Өнгөрсөн долоо хоногт л Владимир Путин мэдэгдэл хийхдээ "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдвал цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй" гэх утгатай мэдэгдэл хийж дэлхий дахиныг түгшүүрт автуулсан юм.
Нөхцөл байдал цааш хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч сайн тал руугаа эргэхгүй нь илэрхий болов. Олон нийтийн санал асуулга явуулсан Орсо улс есдүгээр сарын 30 гэхэд Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хүчээр өөрийн болгохоор зэхэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин холбооны хуралд хандан үг хэлэх юм. Одоогоос найман жилийн өмнө мөн ийм үйл явдал болж байлаа. 2014 онд Путин Крымийг эзлэн түрэмгийлэхийнхээ өмнө Кремлийн Георгийн танхимд Төрийн дум болон с сенатчдын өмнө үг хэлж, дараа нь Крымийг Оросын бүрэлдэхүүнд хүлээн авах гэрээнд гарын үсэг зурж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ