Афганистаны нутаг дэвсгэрийг хяналтдаа оруулсан "Талибан" хөдөлгөөн Оростой эдийн засгийн хэлэлцээр хийжээ. Эхний ээлжинд түлш, үр тариа авна гэж Афганистаны Худалдаа, аж үйлдвэрийн сайдаас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Тодруулбал, Оростой байгуулсан гэрээний дагуу Афганистан бензин, дизель түлш, хий, улаан буудай авахаар болсон бөгөөд ОХУ хямдралтай үнэ санал болгосон тул эдгээр түүхий эдийн үнэ зах зээлийн үнээс хямд байгаа гэж Афганистаны Худалдаа, аж үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хажи Нуруддин Азизи мэдэгджээ. Түүний өгүүлснээр, ОХУ жил бүр нэг сая тонн бензин, нэг сая тонн дизель түлш, 500 мянган тонн шингэрүүлсэн хий, хоёр сая тонн улаан буудайг Афганистанд нийлүүлэх аж.
Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тогтоогоогүй, гэхдээ туршилтын хугацаа дууссаны дараа талууд урт хугацааны гэрээ байгуулж магадгүй талаар Ройтерс агентлаг онцолсон байна.
Г.Бямбасүрэн