Тувад дайчилгааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, олон хүн саатуулагджээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын иргэд олноор гадагш орныг зорьсон бол хүний эрхийг хамгаалагчид болон идэвхтнүүд орон даяар дайчилгааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байна. Энэ жагсаал пүрэв гарагт Тувагийн нийслэл Кызыл хотод үргэлжилжээ.
"Сибирь.Реалии" сайтын мэдээлснээр, Кызыл хотын Арата талбайд эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Энэ жагсаалыг цагдаагийнхан тарааж, 20 эмэгтэйг саатуулжээ.
Тодруулбал, "Дайчилгааг эсэргүүцэж байна" гэж эмэгтэйчүүд хашгиралдаж, улмаар эсэргүүцлийн жагсаал эхлээд ердөө таван минутын дараа цагдаагийн ажилтнууд хүчээр тараасан байна. Олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэг дээр гурван цагдаа нэг эмэгтэйг хүчээр авч яваа нь харагдах бөгөөд түүнчлэн хүүхдээ тэргэн дээр түрж явсан эмэгтэй, тэргэнцэртэй эмэгтэйг ч цагдаагийнхан саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Дайчилгааны үеэр нэн тэргүүнд армид алба хаасан, цэргийн мэргэжилтэй, байлдааны туршлагатай иргэдийг цэрэгт татна гэж Оросын эрх баригчид мэдэгдсэн. Энэ хүрээнд 300 мянган хүнийг цэрэгт татахаар төлөвлөж байгаа хэмээн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэж байв. Гэхдээ бодит байдал дээр дайчлагдах хүмүүсийн тоо хавьгүй их болно гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ