Казахстан дайчилгаанаас зугтсан иргэдийг ОХУ-д шилжүүлэн өгнө

ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын цэргийн насны эрчүүд гадаад орнуудыг олноороо зорьж, дайчилгаанаас зугтах болсон юм. Тэд ийнхүү хилийн чанадыг зорьсон ч цэргийн албанаас зугтсан гэх шалтгаанаар очсон орноос нь албадан ирүүлж болзошгүй гэсэн болгоомжлол гарч байлаа. Харин үүний хариуд ОХУ-ын Батлан хамгаалах яам дайчилгаанд хамрагдах ёстой эрчүүдийг очсон орноос нь албадан шилжүүлж авахыг шаардахгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Гэсэн ч ОХУ дайчилгаанаас оргон зайлсан гэж үзэн иргэдээ эрэн сурвалжилвал хүлээлгэн өгөхөөс аргагүй гэнэ. Ийм мэдэгдлийг оросууд олноороо очсон улс орнуудын нэг болох Казахстаны Дотоод хэргийн сайд Марат Ахметжанов хийжээ. Тэрбээр Казахстан, Оросын хооронд эрхзүйн туслалцаа үзүүлэх, шилжүүлэн өгөх гэрээ үйлчилдгийг сануулсан байна.
Дайчилгаанаас оргон зайлсан иргэдийг Казахстан Оросын талд шилжүүлэн өгөх эсэх талаарх асуултад "Манайд ч тэр, Орост ч тэр, хамгийн гол зарчим нь эрүүгийн шийтгэл хүлээх үйлдэл. Түүнчлэн тухайн иргэн эрэн сурвалжлагдвал бид тэднийг олж тогтоон, Орос руу шилжүүлэн өгнө" хэмээн Марат Ахметжанов хариулжээ.
Энд дуулгахад, есдүгээр сарын 21-ний өдөр Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш Казахстанд Оросын 98 мянга гаруй иргэн ирж, 64 мянга гаруй иргэн буцаж гарсан байна. Казахстанд ирж буй оросуудад туслана гэж Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев амлаад, ихэнх нь гарах гарцгүйн улмаас ийнхүү нутгаасаа явж байгаа хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ