Казахстаны Ерөнхийлөгчийг долоон жилээр нэг удаа сонгоно

img

Төв Азийн хамгийн том эдийн засагтай, ноёрхогч орон Казахстан Үндсэн шинэ хуулийн дагуу энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явуулахаар төлөвлөж байна. Тус улсын төрийн тэргүүн Токаевын шинэ стратегийн дагуу төрийн гол байгууллагуудыг иж бүрэн “шинэчлэх” үйл явцыг эхлүүллээ.

 

Ард түмэндээ хандан хэлсэн илгээлтдээ Токаев цаашид “Сонсдог төр” хэмээх үзэл баримтлалыг баримталж, үндэсний зөвшилцөл, төр, нийгмийн түншлэлийг бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. Улс орны нийгэм-улс төрийн амьдралыг орчин үетэй хөл нийлүүлэхэд чиглэсэн “Хүчтэй Ерөнхийлөгч-Нөлөөтэй Парламент-Хариуцлагатай Засгийн газар” гэсэн улс төрийн тогтолцооны шинэ томьёог санаачилж, ухуулан сурталчилж эхлээд байна.

 

 

Ингэснээр улс оронд дараах өөрчлөлтүүд бий болж байгаа аж. Тодруулбал, Казахстаны иргэд тайван жагсаал хийх, дүүрэг, суурин газрын дарга нараа өөрсдөө сонгох эрхтэй болов. Иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалах байдал бэхжив. Үүнд Үндсэн хуулийн шүүх байгуулагдаж, цаазаар авах ялыг халав. Улс төрийн намуудыг бүртгэх нөхцөлийг хялбаршуулав. Үүнд шинээр улс төрийн нам бүртгүүлэхэд иргэдээс гарын үсэг авах тоог 10 мянгаас 5000 болгон бууруулав. Сонгуулийн холимог тогтолцоонд (70 хувь пропорциональ, 30 хувь мажоритар) шилжих шийдвэр гаргав. 2004 оноос хойш анх удаа бүх нэр дэвшигчийн эсрэг санал өгөх эрхийг олгов. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг долоон жил болгон өөрчилсөн бөгөөд төрийн тэргүүнийг долоон жилээр зөвхөн нэг удаа сонгоно. Энэ нь төрийн эрх мэдлийг монопольчлохоос сэргийлнэ. Мөн аль нэг намд улс төрийн давуу байдал үүсгэх, улс төрийн болон олигархи хүчний эрх ашгийг лоббидох боломжийг үгүй болгоно гэж үзэж буй юм.

 

Казахстаны Төрийн зөвлөх Ерлан Карин хэлэхдээ, Казахстанд улс төрийн шинэчлэл хийх нь "эрх мэдлийн солилцоо, шинэчлэл, улс орны нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжийг олгохоос гадна улс төрийн тогтолцоо бүхэлдээ тогтвортой байхад чиглэгдэж байна" гэв. Мөн ард түмний итгэлийг олж авахын тулд төр, засаг тууштай, нээлттэй бодлого явуулна. Энэ нь  төр, нийгэм хоорондын байнгын яриа хэлэлцээгээр иргэдийн зүгээс ирсэн санал хүсэлтийг төрөөс түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх “Шударга Казахстан”-ыг төлөвшүүлэх бодлого хэмээн онцоллоо.

 

Гадаад бодлого

 

Ерөнхийлөгч К.Токаев Казахстаны тэргүүний ажлыг хүлээн авсан цагаасаа эхлэн гадаад бодлогын хувьд олон талт бодлого хэрэгжүүлж буй. Тухайлбал тэрбээр Турк гаралтай улс орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Казахстан Анкаратай “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн гэрээ байгуулж, Туркийн цэргийн тагнуулын болон довтолгооны нисгэгчгүй онгоцыг Казахстанд үйлдвэрлэх талаар тохиролцоонд хүрсэн. Уулын Карабах дахь нөхцөл байдлын асуудлаар Баку, Ереван хоёрын хооронд үргэлжилж буй зөрчилдөөнд Астана Азербайжаныг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн билээ. Үүний зэрэгцээ Казахстан Иран, Саудын Араб, Катар зэрэг Персийн булан болон Ойрхи Дорнодын орнуудад өөрийн ашиг сонирхлыг идэвхтэй сурталчилж эхлэв. Мөн Астана Сирийн мөргөлдөөнийг зохицуулах энхийн хэлэлцээнд зуучлагчаар оролцож буй юм.

 

 

Казахстан Бээжинтэй тогтоосон харилцаандаа онцгой анхаарал хандуулдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тахлын дараа анхны гадаад айлчлалаа Казахстанд хийлээ. Тус айлчлал хоёр улсын харилцаа "хад чулуу шиг найдвартай" буйг илэрхийлсэн. Учир нь энэ бүс нутагт Хятадын ашиг сонирхол нэн тэргүүнд Казахстан улсад төвлөрч байгааг харуулж байна гэж орон нутгийн хэвлэлүүд онцолж байв.

 

Сүүлийн 2.5 жилийн хугацаанд Казахстаны Вашингтонтой тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа бэхжсэн. Ерөнхийлөгч Токаев 2019 оноос хойш АНУ-д хоёр удаа айлчилсан бөгөөд тэрбээр Казахстан АНУ-тай ойр дотно түншлэлийн харилцаагаа баримталсаар байх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Казахстаны төрийн тэргүүний тусгай төлөөлөгч АНУ-ын Төрийн департаменттай хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн юм. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Конгрессын төлөөлөгчид Казахстанд хэд хэдэн удаа айлчилсан билээ.

 

 

Үүний зэрэгцээ Европын холбоотой яриа хэлэлцээ үргэлжилж байна. Барууны орнууд болон ОХУ-ын хооронд геополитикийн “мөргөлдөөн” үүсч, гүнзгийрч буй энэ үед Токаев ЕХ-ны Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишельд Казахстан улс зүүн ба баруун, өмнөд болон хойд хооронд “буфер зах зээл” болж ажиллан дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдэв.

 

Дэлхийн геополитикийн өнөөгийн эгзэгтэй нөхцөл байдлын үед өнгөрөгч есдүгээр сард Казахстаны нийслэл Астана хотод дэлхийн болон уламжлалт шашны тэргүүн нарын VII их чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд Ромын Пап Франциск өөрийн биеэр оролцсон нь Казахстаныг олон улсын тавцанд энх тайвны хэлэлцээ хийх, шийдвэрлэх яриа хэлэлцээний платформ, зуучлагч улс болохыг хүлээн зөвшөөрснийг гэрчилж байна.

 

Ийнхүү Казахстан улсад хийгдэж буй Үндсэн хуулийн цогц шинэчлэл нь тус улсын иргэн бүрийн эрх, аюулгүй байдлыг төрөөс баталгаажуулдаг нийгмийг ардчилалжуулах үзэл баримтлалд чиглэгдэж байна. Улс орны дотоод нэгдэл, эв нэгдлийг хангахад чиглэсэн эрх мэдлийг өөрчлөх арга хэмжээнүүд нь Казахстаныг гадаад бодлогыг найдвартай, тогтвортой статустай болгох хүчин зүйлийн нэг юм.

 

Б.МИШЭЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Казахууд монголчуудад их дээрэнгүй хандаад байгаам даа
2022-10-08