Ши Жинпинь Тайваньд хүч хэрэглэнэ хэмээн сүрдүүлэв

Таван жилд нэг удаа хуралддаг Хятадын Коммунист намын их хурал 10 дугаар сарын 16-ны өдөр эхэллээ. Долоо хоног үргэлжлэх энэхүү 20 дугаар их хуралд 2300 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ хурлаар Коммунист намын Төв хорооны 200 орчим гишүүн, тэр дунада 25 гишүүн бүхий Улс төрийн товчоо, түүний удирдах байгууллага болох Байнгын хороо болон Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.
Ням гарагт нээлтээ хийсэн энэ хурлаар Ши Жинпинь намын даргаар гурав дахь удаагаа сонгогдоно гэдэгт улс төрчид эргэлзэхгүй байна. 2013 оноос хойш Хятадыг тасралтгүй удирдаж байгаа Ши Жинпинь энэ удаад дахин сонгогдсоноор "хааны эрх мэдэлтэй болно" гэж шинжээчид үзэж байгаагийн дээр Ши Жинпиний эрх мэдэл тэлснээр ойрын жилүүдэд дэлхий дахины хүчний хувиарлалтыг өөрчилж, дэлхийд геополитикийн явцыг тодорхойлно гэж шинжээчид онцолж байгаа юм.
Энэ хурлын үеэр Ши Жинпинь олон улстай холбоотой хэд хэдэн чухал мэдэгдэл хийсний дотор Хятад улс дэлхийн орнууд тэр дундаа АНУ-тай ихээхэн сөргөлдөх шалтгаан болсон Тайванийн асуудалтай холбоотойгоор анхаарал татсан үг хэллээ.
Өмнө нь Тайваниас үүдэлтэйгээр АНУ, Хятадын харилцаа хурцдах үед Тайванийг цэргийн хүчээр эргүүлэн нэгтгэхийг үгүйсгэхгүй гэж Хятадын албаныхан удаа дараа мэдэгдэж байсан юм. Энэ удаад БНХАУ-ын дарга Ши Жинпинь Тайваньд цэргийн хүч хэрэглэнэ хэмээн сүрдүүлсэн байна. Тэрбээр ням гарагт нээлтээ хийсэн хурал дээр үг хэлэхдээ Хятад улс Тайванийг энхийн замаар эргүүлэн нэгтгэхийг хичээнэ, "гэхдээ хүч хэрэглэхээс татгалзах үүргийг хэзээ ч хүлээхгүй. хятадын удирдлага шаардлагатай бүхий л арга хэмжээг авах эрхтэй" хэмээн Ши Жинпинь мэдэгджээ.
Ши Жинпиний өгүүлснээр, хөндлөнгөөс асуудалд оролцож байгаа тал болон тусгаар тогтнолыг дэмжигч "цөөн хүний " эсрэг хүч хэрэглэхээс биш "Тайванийн хүн амын эсрэг хүч хэрэглэхгүй" гэнэ.
"Эх орноо бүрэн эргүүлэн нэгтгэх ажлыг хийх ёстой. Салан тусгаарлах үзэл болон хөндлөнгийн оролцооны эсрэг тулааныг Хятад улс Тайваньд хийнэ" хэмээн Ши Жинпинь цохон тэмдэглэжээ.
Хятад улс Тайванийг өөрийн муж хэмээн үздэг. Харин Тайванийн 23 сая оршин суугч өөрсдийгөө тусгаар орон хэмээн үзсээр ирсэн. Олон жилийн туршид энэ асуудал маргаантай байсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд энэ арал дээр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси айлчилснаар БНХАУ, Тайванийн хоорондын харилцаа дахин хурцадсан юм.
Ши Жинпинь Орос, Баруунтай харилцах харилцаагаа нэг мөр тодорхойлов
Ням гарагт нээлтээ хийсэн хурал дээр Ши Жинпинь өөр нэг анхаарал татсан мэдэгдэл хийсэн нь олон улсын харилцаа байлаа. Тэрбээр хараат бус гадаад бодлого баримталж, Дорно зүгт нөлөөллөө бэхжүүлнэ хэмээн мэдэгджээ.
"Олон улсын тавцанд эрс өөрчлөлт гарсан энэ үед бид хатуу стратегийн шийдэмгий байдлаа хадгалж ирсэн. Энэхүү хүчин чармайлтын туршид бид Хятадын давуу тал болон үндсэн ашиг сонирхлыг хамгаалж, хөгжил, аюулгүй байдлыг хангах сайн боломжуудыг хадгалж ирлээ" хэмээн Ши Жинпинь мэдэгдсэнийг Блүмберг агентлаг дамжуулжээ.
Энэ хурал болохоос өмнө БНХАУ болон ОХУ дэлхий дахинд ямар ч нөхцөл байдал үүссэн байлаа гэсэн стратегийн түнш хэвээр үлдэнэ гэсэн мэдээлэл гарч байлаа. Энэ хурлаар ч Хятад улс Оростой стратегийн түншлэлээ баталгаажуулах эрмэлзлээ илэрхийлсэн., гэхдээ АНУ-ын зүгээс эдийн засгийн нэмэлт дарамт шахалт амсахгүйн тулд Хятад улс Оростой хэт ойртон нөхөрлөхөөс болгоомжилж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ